АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден телевизийн “BET” сувагт ярилцлага өгөхдөө “Эмч нар эрүүл мэндийн асуудалтай байгааг нь тогтоовол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзана” гэж мэдэгджээ.

Байден сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Хэрвээ би ямар нэгэн өвчин туссан бол, хэн нэгэн эмч ирээд, ‘Танд ийм ийм асуудал байна’ гэвэл би ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй” гэж хэлсэн байна.

Цагаан ордны тэргүүн “Хүн нас ахих тусам ухааждаг” гэдэгт итгэдэг аж. Тэрбээр өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн байдал нь хэвийн, нэмэлт үзлэг хийх шаардлагагүй ч эмч нар шаардлагатай гэвэл үзлэгт хамрагдахад бэлэн байгаагаа мэдэгдсээр иржээ.

Трамптай хийсэн мэтгэлцээн бүтэлгүйтсэний дараа Байденыг орлох өөр нэгнийг дэвшүүлэх уриалга Ардчилсан намынхны дунд улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ирэх наймдугаар сард болох тус намын Их хурлаар ийм боломж нээгдэх ч бодит байдал дээр Байден өөрөө сонгуульд өрсөлдөхөөс татгалзахгүй бол оронд нь өөр хүн нэр дэвшүүлэх боломжгүй юм байна.

Байден сонгуульд өрсөлдөж, эцсээ хүртэл явах бодолтой байгаагаа хэлжээ. Байден, Трамп нарын хоёр дахь мэтгэлцээн ирэх есдүгээр сарын 10-нд болох бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болох товлогдсон билээ.

Эх сурвалж: CBS NEWS
Д.ТУЯА

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу