Засгийн газар өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, бүтэц бүрэлдэхүүний туай асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал энэ талаар мэдээлэхдээ “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөн ч орон тоо нэмэхгүй байх зарчим баримталж байна. Шинэ хуулиар яам, сайдын тоо нэмэгдээгүй. Хамтарсан Засгийн газар учраас Шадар сайдын тоо нэмэгдсэн, яам болон сайд нарын тоо огт нэмэгдээгүй.

Ерөнхий сайд яамд орон тоогоо нэмэхгүй байх үүрэг чиглэл өгсөн. Яамны чиг үүрэг нь өөрчлөгдсөн, нэгдсэнээс бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн хариуцаж байсан нэгжийг удирдах нөхцөлийг бүрдүүлнэ. Зарим яамны олон салбар нийлсэн хэдий ч ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч нэмэлт үүргээ авч, ажлаа үргэлжлүүлнэ.

Ирэх долоо хоногт яамдын бүтэц, орон тоог нэмэхгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний эхний төсөлтэй танилцана.

Хамтарсан Засгийн газрын гэрээ албажиж, УИХ-ын тогтоол болсноор гэрээг зөрчсөн сайд нартай хариуцлага тооцох асуудлыг намууд УИХ дахь бүлгээрээ хэлэлцэж, улс төрийн намуудын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь хариуцна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар Шадар сайдын мэдээллийг сонссон.

Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд долоо хоног бүр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд мэдээлж, үнэлгээ дүгнэлт хийх ажлыг хэвшүүлнэ.

Энэ удаагийн Засгийн газрын онцлог нь өнгөрсөн хугацаанд хүлээгдэж байсан олон төслийг урагшлуулна. Ямар нэг улс төржилтгүйгээр кабинетын зарчмаа баримталж, бодлогоос хэрэгжилтэд анхаарна. Хурдан, шуурхай, гаргасан шийдвэр нь иргэдийн амьдралд ойртсон, тэдэнд ойртож үйлчилсэн байх зарчмыг баримталж ажиллана” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу