Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран улсын наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийж байна.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос иржээ.

Допингийн шинжилгээний сорьц авах явцад алдаа дутагдал гараагүй байна. Өнөөдрийн байдлаар бөх, харваачдын 44 сорьцын шинжилгээнд допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьцын хариуг дахин шинжилж байгаа бөгөөд “Дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэж хэлэхэд эрт байна” гэв.

Улаанбаатарын цагаар долдугаар сарын 14-ний 02:00 цагт сорьцуудыг лабораторид хүргэж, долдугаар сарын 15-ны 22:40 цагт хариуг ирүүлсэн байна. Дөрвөн сорьцод нэмэлт шинжилгээ хийх шаардлага үүссэн ч эерэг хариу гарсан гэсэн үг биш болохыг онцлов.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн эсрэг үйл ажиллагаануудыг тогтмол хийж байгаа аж. Энэ удаагийн үндэсний их баяр наадмын үеэр бөх, сурын харвааны үеэр сорьц цуглуулагч, шинжээч зэрэг гурван төлөөлөл ажилласан байна. Шинжилгээний явцад тагнуул, цагдаа, холбогдох бусад байгууллагууд хяналт тавьж ажиллажээ.

ДОПИНГ ИЛЭРСЭН НЬ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛД ТАМИРЧДЫН НЭРСИЙГ ЗАРЛАЖ, ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.МЯГМАР

-Шинжилгээ авах үйл ажиллагааг Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА зохион байгуулсан. ХБНГУ-ын Дрезден хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, дүнг ирүүлсэн байна.

Тамирчдыг олон улсад хориглодог допингийн бодисоос урьдчилан сэргийлэх үүргийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо жил бүр ажилладаг гэдгийг дашрамд хэлмээр байна. Хороо допингийн шинжилгээ авах үйл явцад оролцдоггүй.

44 сорьцын хариу гарсан. Дөрвөн шинжилгээний хариу гараагүй, гэхдээ эерэг гарсан гэсэн үг биш. Нарийн шинжилгээ хийх шаардлагатай сорьц гэсэн үг. Эдгээр дөрвөн сорьцоос допинг илэрсэн нь батлагдсан тохиолдолд тамирчдын нэрсийг зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авна.

Одоогоор дөрвөн шинжилгээг аль нь бөх, аль нь харваач гэдгийг хэлж мэдэхгүй байна. Нэрээр биш кодоороо явуулсан. Баталгаатай илэрц байхгүй. Шинжилгээ үргэлжилж байна. Нарийвчилсан шинжилгээний явц 14-21 хүртэл сунжрах тохиолдол байдаг.

“ОДООГООР ДОПИНГ ИЛЭРСЭН, ИЛРЭЭГҮЙ ГЭСЭН ХАРИУ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ”

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.АРИУНЗАЯА

-Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр дээрх гэрээт лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагын төлөөлөл орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 13-нд биечлэн хүргэж өгсөн.

Тус лабораториос 2024 оны долдугаар сарын 15-ны орой 22:00 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн. Эдгээр сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу ирээгүй.

Дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн, эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй. Хэн нь бөх, харваач гэдгийг мэдэх боломжгүй. Үлдсэн дөрвөн сорьцоос допинг илэрсэн гэж хэлэх эрт байна.

Нэмэлт шинжилгээний хариу 14-21 хоногт гарна. Бидний зүгээс хариуг аль болох түргэн шуурхай гаргаж өгөх хүсэлт тавьсан.

Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. Энэ бол үнхээр хэн нэгийг харлуулах гэж 14.21 хоног гэж бгаа шүү дээ хэнэн үлдэж хэнэн суграх болоо

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу