Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр (2024-07-16) Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, эмч, үйлчлүүлэгчидтэй уулзаж, санал солилцсон байна.

Тэрбээр хавдрын тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн зарим асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Т.Мөнхсайхан “Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, нас баралт, тусламж, үйлчилгээний чанар тулгамдсан асуудал болоод байна. Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад Монгол улсад 24 хувьтай байгаа төдийгүй хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь хожуу шатандаа оношлогдож байгааг дурджээ.

Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээс хойш Хавдар судлалын үндэсний төвийн санхүүжилт 2019 онтой харьцуулахад 2023 онд 60 тэрбум болж, хоёр дахин нэмэгдсэн ч хүлээгдэл ихтэй, иргэдийн сэтгэл ханамж сайн биш байгаа аж.

Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах, зонхилон тохиолдож буй хавдартай тэмцэхэд дараах гурван чиглэлд дорвитой алхам хийхээр төлөвлөжээ. Үүнд:

1. Хавдрыг үүсгэж байгаа шалтгаантай тэмцэх, салбар дундын үүрэг хариуцлага нэмэгдүүлэх
2. Хавдрын эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв, оновчтой зохион байгуулах
3. Хавдрын эмчилгээ, оношилгооны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх багтжээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас баг гаргаж, хорт хавдартай тэмцэх, сэргийлэх цогц, бодитой төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон байна.

Салбарын сайд “Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх байгууллагын хувьд тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, эмчилгээ, үйлчилгээний хүлээгдлийг багасгах хэрэгтэй.

Шинэлэг эмчилгээний арга технологи нэвтрүүлэх, хавдрын оношилгоонд иммуногистохимийн болон эмгэг судлалын шинжилгээний эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэж цохон тэмдэглэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу