Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ парламентын анхдугаар хуралдаан дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулсан. Тэрбээр “Одоогийн 16 яамыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн ч энэ бүтцэд дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй.

Сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Нэг үгээр хэлбэл, захиран зарцуулах төсөвгүй, гэхдээ тухайн салбарыг төлөөлж, парламентын мэтгэлцээнд ордог жишиг бий.

Энэ жишиг рүү 30 хоногийн хугацаанд яваад үзье. Олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно.

Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна. Тиймээс энэ удаагийн бүтцэд дэд сайдуудын асуудлыг тусад нь оруулсан” гэж мэдээлсэн.

Засгийн газраа 22 сайд, 16 яамтай ажиллахаар байгуулсан тэрбээр дээрх яаманд харъяалагдах 16 дэд сайдыг чөлөөлсөн талаар албаны эх сурвалж мэдээлэв. Тодруулбал:

    1. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга
    2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар
    3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгсөн бол
      1. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
      2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
      3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Э.Золбоо
      4. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
      5. Боловсролын дэд сайд Г.Ганбаяр
      6. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
      7. Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
      8. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
      9. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо
      10. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
      11. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
      12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд П.Баттөр
      13. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нарыг тус тус чөлөөлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу