АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ирэх есдүгээр сард бууруулна гэсэн хүлээлт алтны үнэ өсөхөд нөлөөлжээ.

Нью-Йоркийн “Комекс” биржийн Лхагва гаргийн арилжааны явцад наймдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 0.51 хувиар өсөж, нэг унц нь 2480.0 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Долдугаар сарын 16-ны өдөр нэг унц алт 2470.7 ам.доллароор арилжаалагджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, Холбооны нөөцийн сан хүүгээ буруулна гэсэн хүлээлт ихэссэн нь энэхүү өсөлтөд нөлөөлсөн байна. Цаашилбал, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь алтны томоохон худалдан авалтад түлхэц өгчээ.

Нью-Йоркийн “Комекс” биржийн арилжаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 30.1 ам.доллар буюу 1.27 хувиар өсөж, нэг унц нь 2402.6 ам.долларт хүрсэн. Үүний зэрэгцээ тавдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 28.922 ам.долларт хүрч байв.

Ойрхи Дорнодын тогтворгүй байдал, мөргөлдөөн хурцдах вий гэсэн болгоомжлол алтны үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг хэвээр байна. Ийм үед хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө худалдаж авахын оронд үнэт металлыг илүүтэй сонирхож байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.

Энэ оны гуравдугаар сард алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн дээд түвшиндээ хүрсэн. Худалдаачид АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулна гэдэгт итгэлтэй байгаа нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөлснийг CNBC онцолж байв.

Чикагогийн “CME” биржийн арилжааны явцад дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 30.60 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж, нэг унц нь 2126.30 ам.долларт хүрсэн нь 1974 оны хэлцэл байгуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үнийн дүн болсон. Энэ нь алтны үнэ дээд түвшиндээ хүрсэн хоёр дахь арилжаа байв.

“Bleakley Financial Group”-ийн хөрөнгө оруулалтын газрын захирал Питер Букварын хэлснээр, 1980 онд инфляцыг тохируулснаар тооцвол алтны үнэ 3200 ам.долларт хүрч байсан нь хамгийн дээд түвшин ажээ.

Тэрбээр “Өндөр хүү, ам.долларын ханшийг үл харгалзан, алтны ханш өсөж байна. Алтны үнэ ийнхүү өсөж байгаа нь Оросын цэргүүд Украин руу дайрсантай холбогдуулан АНУ болон Европын Холбоо Оросын валютын нөөцөөс 300 тэрбум ам.доллар хурааж авсны дараа дэлхийн Төв банкууд их хэмжээний алт худалдаж авсантай олон талаар холбоотой” гэж мэдэгдэж байв.

Алтны ханш цойлж, 3000 ам.доллар руу дөтөлсөөр байна.

Эх сурвалж: BLOOMBERG, NBC NEWS, CNBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу