Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.07.18) Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт боллоо.
Н.Өнөрцэцэг уг шүүх хуралд, “Хувь хүний нууц задруулсан, Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх хэрэгт н.Батсүх өмгөөлөгчтэй, “Илт худал мэдээлэл тараасан” гэх хэрэгт Д.Оросоо өмгөөлөгчтэй, “Төрийн нууц задалсан” гэх хэрэгт н.Баатарсайхан өмгөөлөгчтэйгөөр тус тус оролцох байсан.
Гэвч О.Батсүх өмгөөлөгч ар гэрийн гачигдал гэх шалтгаанаар хөдөө явж, Б.Баатарсайхан өмгөөлөгчийн шүүх хурал нь давхацсан учир нэг өмгөөлөгчтэйгөөр тус хуралд оролцжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлын завсарлагааны үеэр хэлэхдээ, 
“Өмнө нь хоёр удаа хойшлогдоход надаас шалтгаалахгүйгээр шүүх өөрөө хойшлуулж байсан. Гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ хийсэн. Шүүхэд хандаж өмгөөлөгч нартайгаа бүрэн өөрийгөө өмгөөлүүлж шүүх хуралд оролцмоор байна гэсэн санал хэлсэн боловч хүлээж авсангүй. Өмнө нь хохирогч нарын зүгээс хойшлуулах санал тавихад хүлээж авдаг байсан. Намайг хүсэлт гаргахаар хүлээж авахгүй байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гомдол гаргаж байсан хүн нь ч хуралд ирсэнгүй.
Д.Оросоо өмгөөлөгч үндсэндээ мухардалд орж байна. Өөрийнхөө өмгөөлөх хэргээс гадна танилцаагүй хоёр хэргийг цуг өмгөөлөхөөр болж байна. Сая хуралдахад энэ хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх үү, татгалзах уу гэдэгт санал нэгтгэхээр цагийн хугацаагаар хойшиллоо.
Энэ үйл явцыг харахад амралт зугаалга эхэлсэн, олон нийтийн анхаарал суларсан энэ үед шүүх шийдвэрээ гаргая гэж бодож байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд шүүгчийн шийдвэр нийгэмд өрнөж буй үйл явдалтай уялдаж гарч ирсэн. Битүүний өдөр сулласан, сонгуулийн дараа гэрийн хориог суллаж байсан гэх мэт. Шүүх хурлыг нээлттэйгээр явуулж өгөх хүсэлт гаргасан боловч мөн авч хэлэлцээгүй байгаа юм. Ерөнхийдөө бидний хүсэлтийг хүлээж авахгүйгээр хаалттай шүүх хурал үргэлжлэхээр болж байна” гэсэн юм.
Шүүх хурал одоогоор хаалттай үргэлжилж байна. Шүүхийн шийдвэрийг үргэлжлүүлэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу