Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан өнөөдөр хуралдаж буй шүүх хурлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Төрийн нууц задалсан” гэх хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд өөр шүүх хурал давхацсан тул оролцоогүй юм. Ингэснээр Н.Өнөрцэцэг нэг өмгөөлөгчтэйгөөр гурван хэрэгт шүүгдэж байгаа ч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаа юм.
Энэ талаар тэрбээр, “Миний бие өөр хэд хэдэн шүүх хурал давхацсан тул энэ удаагийн хурлыг хойшлуулах санал гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Улмаар Н.Өнөрцэцэг нэг өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд оролцож байна. Шүүх хуралдаан эхлэхэд Оросоо  өмгөөлөгч хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд татгалзсан. 
Хуульд заасны дагуу шүүгчээс татгалзсан тохиолдолд хуралдааныг хойшлуулдаг.  Шүүх бүрэлдэхүүн завсарласан гэж тайлбар хэлж байна. Завсарлах, хойшлуулах гэдэг хууль зүйн ойлголт нь тэс өөр. 
Яагаад заавал энэ хурлыг өнөөдөр хийх гээд байгааг ойлгохгүй байна. Хардаж байна. 
Шүүгчээс хуралдааны дундуур татгалзаагүй, эхлэхэд л Оросоо өмгөөлөгч татгалзсан. Гэтэл хоёр дахь өмгөөлөгч ирсний дараагаас шүүх хурал эхнээсээ эхлэх ёстой. 
Шүүх хурал мэтгэлцээн дээр үндэслэн явагдах ёстой. 
Өмгөөлөгч нар өөр өөрсдийн хариуцаж байгаа хэргээ л өмгөөлөх ёстой. Өмгөөлөгч л бол өмгөөлөгч гэдэг хандлагыг халах ёстой. Үлдсэн хоёр асуудлыг нь өмгөөлөх хүн байхгүй ганц өмгөөлөгчтэй байхад нь “таныг өмгөөлөгчтэй байх эрхээр хангасан. Үргэлжлүүлнэ” гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа нь хардалт төрүүлж байна. Шүүх хуралдаанаас ямар шийдвэр гарах нь ойлгомжтой болчхоод заавал хурал хийх гээд байгаа мэт харагдаж байна. Өмнө нь бидний зүгээс хойшлуулах санал гаргаж байгаагүй. Заавал өнөөдөр хийх гээд байгааг л гайхаж байна” гэсэн юм.
Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу