Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Н.Өнөрцэцэг уг шүүх хуралд, “Хувь хүний нууц задруулсан, Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх хэрэгт н.Батсүх өмгөөлөгчтэй, “Илт худал мэдээлэл тараасан” гэх хэрэгт Д.Оросоо өмгөөлөгчтэй, “Төрийн нууц задалсан” гэх хэрэгт Б.Баатарсайхан өмгөөлөгчтэйгөөр тус тус оролцох байсан.
Гэвч О.Батсүх өмгөөлөгч ар гэрийн гачигдал гэх шалтгаанаар хөдөө явж, Б.Баатарсайхан өмгөөлөгчийн шүүх хурал нь давхацсан учир нэг өмгөөлөгчтэйгөөр тус хуралд оролцжээ. Харин хохирогч тал өмнөх шүүх хурлуудад хүсэлт өгч хойшлуулсаар ирсэн ч энэ удаад Н.Өнөрцэцэгийн хойшлуулах, бүрэн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлтийг зөвшөөрөөгүй байна.
Н.Өнөрцэцэгийн  “Төрийн нууц задалсан” гэх хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч Б.Баатарсайхан асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Миний бие өөр хэд хэдэн шүүх хурал давхацсан тул энэ удаагийн хурлыг хойшлуулах санал гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Улмаар Н.Өнөрцэцэг нэг өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд оролцож байна. Шүүх хуралдаан эхлэхэд Оросоо  өмгөөлөгч хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд татгалзсан. 

Хуульд заасны дагуу шүүгчээс татгалзсан тохиолдолд хуралдааныг хойшлуулдаг.  Шүүх бүрэлдэхүүн завсарласан гэж тайлбар хэлж байна. Завсарлах, хойшлуулах гэдэг хууль зүйн ойлголт нь тэс өөр.

Яагаад заавал энэ хурлыг өнөөдөр хийх гээд байгааг ойлгохгүй байна. Хардаж байна. 

Шүүгчээс хуралдааны дундуур татгалзаагүй, эхлэхэд л Оросоо өмгөөлөгч татгалзсан. Гэтэл хоёр дахь өмгөөлөгч ирсний дараагаас шүүх хурал эхнээсээ эхлэх ёстой.  Шүүх хурал мэтгэлцээн дээр үндэслэн явагдах ёстой” гэсэн юм.

Хохирогч тал хоёр прокурор, нэг шүүгч,  таван өмгөөлөгч, цагдаа гэсэн нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй уг шүүх хуралд оролцож байгаа. Харин шүүгдэгч Н.Өнөрцэцэг хаалттай горимд, ганцаараа бүтэн өдрийн турш шүүгдсэн юм.
Тэгвэл энэ талаар хэн юу хэлэв?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудастаа,
Сэтгүүлч гэдэг мэргэжил хуулийн хүрээнд ямар ч хамгаалалт алга. Миний хувьд олон нийтийн төлөө шударга ёсыг нэхэж сурвалжилга хийж явсан юм л даа. Тайлбарлах л юм. Эргээд харахад өөрийнхөө төлөө гэсэн бол чимээгүй л орших байж, өрөөл бусдын төлөө тамираа тасартал гүйсэн Өнөрцэцэгээ чи. Бусад чамайг үнэлэхгүй, дотор хүн чинь чамд баяр хүргэе” гэж бичжээ.
Мөн сэтгүүлч С.Будрагчаа: “Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж байгаа нь хүний эрхийн маш ноцтой зөрчил”

“Тус шүүх хурал Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчтэй байх эрхийг эдлүүлэхгүйгээр явагдаж байгаа нь маш хачирхалтай байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, олон нийтийн анхаарал сул байгаа цаг үеийг тааруулж яллах гэсэн ажиллагаа явагдаж байна гэж хардаж байна. Монголын ард иргэд ч мөн энэ асуудалд дуу хоолойгоо өргөж нэгдээсэй гэж уриалмаар байна. Өнөөдөр энэ хүнийг өмгөөлөхгүй, хамгаалахгүй байж байгаад хар гэрт хориулчих юм бол үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг зүйл Монгол улсад дурсагдахаа болино. Энэ хүнээр дамжуулж монголын хэвлэл мэдээллийг салбарын бүх хүний амыг хамхих гэж байна гэж хардаж байна.
Хэргийн нэг оролцогч өмгөөлөгч нь хэрэгтэй танилцаагүй гэх шалтгаанаар хойшлуулдаг байсан хэр нь өнөөдөр яагаад чичрэн, чичрэн хурлыг хийх гээд байна вэ. Өнгөрсөн сонгуульд хамггийн том дуу хоолойг өргөсөн түүнийг хилсээр гүтгэх гээд байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 

Нэг ч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож байгаа энэхүү үйлдэлд хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, иргэд тус тусын байр сууриа илэрхийлсээр байна. Одоогоор шүүх хурал хаалттай горимд үргэлжилж буй. 

А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. Сенсаац ихтэй бүсгүй дээ ядарлаа гээд л өлөр бүр лайв хийнэ.Дургүй хүнээ муулж сэвнэ ёсзүй муутай л санагддаг Лодой харин өмнө нь хоригдох үед бодмоор үг хнлж ад болж байсан шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу