Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болж, шүүгч шийдвэрээ гаргахаар завсарлаад байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр,
– “Би сэтгүүлзүйн салбарт 28 жил ажилласан. Энэ хугацаанд сэтгүүлчийг шүүх, цагдан хорих, гэрийн хорионд оруулаад, хүчлэн хамгаалалт авч байхыг харж байгаагүй. Хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглал шиг байгаад эрх баригчдын сөрөг хүчин болоод ирэхээр олон нийтэд хамгийн их нөлөөлдөг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг барьж авч нугаслах арга эрх баригчдад байдаг.
1998 онд казиногийн хэргээр гурван УИХ-ын гишүүн шүүгдэж байхад ийм хүчлэн хамгаалалт байгаагүй. 1998 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний хуультай болж эрх зүйн байдал нэлээн сайжирсан. Тэгсэн хэр нь өнөөдөр хүнийг өмгөөлөгчгүйгээр шүүж байна. Энэ бол дэлхийд ч байхгүй үйл явдал гэж бодож байна.
Мөн төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа. Сэтгүүлч хүн төрийн нууцыг олж авах боломжгүй, тийм чадамжгүй. Хэрэв үнэхээр хадгалсан бол түүнд хэн нэгэн хүн өгсөн байж таарна. Тэр хүнийг илчлэх ёстой. Сэтгүүлч хүн эх сурвалжаа зарладаггүй гэдгээр тэр хүн нь амгалан байгаа байх. Гэхдээ энэ тохиолдолд илчлээсэй гэж бодож байна. Н.Өнөрцэцэгт ч хэлмээр байна. Ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч мөн уриалаасай. Тэр хүнийг л зарлаж байж төрийн нууцыг задруулдаг үйлдлийг таслан зогсоох ёстой.
Хэн нэгэн сайд, гишүүн шазуур зууж, өс санахаараа сэтгүүлчдийн дуртай цагтаа барьж аваад хорьдог, гэрийн хорионд хийдэг, эрхийг нь зөрчдөг гэх мэт дээрэлхдэг боллоо. Энд хэвлэлийн эрх чөлөө огт алга. 28 жил сэтгүүлчээр ажиллаад улс төрд орсон хүний хувьд энэ хэргийн араас нэлээн ул суурьтай явах болно” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Шүүх хуралдааны шийдвэр удахгүй гарах юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу