Сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 38:38 системээр явуулахаар тусгасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өргөн барьж буй талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүд мэдээлэл хүргэж байна. (2023.04.05)

Энэ үеэр хуулийн төсөл боловсруулах багт ажилласан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Улс орны бүтээн байгуулалтыг хийдэг, шийддэг биш тойргоо төлөөлсөн парламент болчихлоо гэх агуулгаар хоёр жилийн хугацаанд иргэдтэйгээ уулзаж, гарын үсэг цуглуулж явлаа. Улмаар олон талын саналыг тусгаж, энэ хуулийг боловсруулсан.

Сонгуулийн тухай хуульд тусгасан гурван зүйлийг онцолж хэлье. 

Нэгдүгээрт, Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорциональ элементээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь нэг тойргоос сонгогдож, 50 хувь нь нийт иргэдийг төлөөлдөг байна гэсэн үг. Ингэснээр бодлого ярьдаг болж, эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтыг шийддэг болно. 

Хоёрдугаарт, Гадаадад оршин суугаа иргэдийн санал гээгддэг байсныг болиулж, бүрэн тусгах боломжтой болж байгаа. Энэ удаа пропорциональ элемент орсноор гадаадад байгаа 200 орчим мянган иргэдийн санал бүрэн тусгагдана.

Гуравдугаарт, Эмэгтэйчүүдийн оролцоог хангах. 50 хувийн пропорциональ тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байя, сонголтоо хийхдээ дараалж авдаг байя гэж хуульд тусгаж байгаа. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн парламентад оролцох оролцоо өснө. Ийм дэвшилттэй гурван зүйл тусгаснаараа онцлог. 

Хаврын чуулганаар энэ хууль батлагдвал Монгол Улсын эдийн засаг өсөж, хараат бус тусгаар тогтносон байдалд маш том ахиц гарна” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу