Кибер аюулгүй байдлын салбарын хамгийн том операторуудын нэг болох “CrowdStrike”-ийн программ хангамжийн шинэчлэлт системүүдэд доголдол үүсгэж, улмаар нислэгүүдийг цуцлахад хүргэсэн. Үүний зэрэгцээ өргөн нэвтрүүлгийн телевизүүд нэвтрүүлгээ зогсооход хүрч, үйлчлүүлэгчид эрүүл мэнд, банкны үйлчилгээ авах боломжгүй болсон билээ.

Нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд мэдээллийн технологийн сааталд өртсөний улмаас олон мянган нислэг цуцлагдаж, зорчигчид нисэх буудлууд дээр гацсан бөгөөд агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа Бямба гаргаас хэвийн байдалдаа эргэн орж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан “Microsoft” компани өнгөрсөн Бямба гарагт “Бид одоогийн байдлаар “CrowdStrike”-ийн шинэчлэлт “Windows” үйлдлийн систем бүхий 8.5 сая төхөөрөмжид нөлөөлсөн гэж тооцоолж байна. Энэ нь “Windows”-тэй бүх төхөөрөмжийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна.

Уг технологийн сааталд өртсөн төхөөрөмжүүдийн тоог нийт төхөөрөмжийнхтэй харьцуулахад цөөн байсан ч эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь олон чухал үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “CrowdStrike”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдгийг харуулж байна” гэж мэдэгджээ.

Хамгийн их хохирол амссан агаарын тээврийн компаниудын нэг болох “Delta Air Lines”-ын мэдэгдсэнээр, Бямба гаргийн өглөөний 10:00 цагийн байдлаар 600 гаруй нислэг цуцлагдсан бөгөөд цаашид ч нэмэгдэж магадгүйг анхааруулсан.

Дэлхий даяар мэдээллийн технологийн саатал үүссэний улмаас үүсэх хохирол 1 тэрбум ам.доллар давж магадгүй бөгөөд түүнийг хэн барагдуулах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа талаар CNN онцолсон байна.

Кибер аюулгүй байдлын нэгэн мэргэжилтний хэлснээр, “мэдээллийн технологийн түүхэн дэх хамгийн том саатал” нь дэлхий даяар арилжааны агаарын тээврийн 5000 гаруй нислэгийг цуцалж, жижиглэнгийн худалдаа, бизнесүүдийг тасалдуулж, орлого, ажилчдын цаг, бүтээмжийг бууруулжээ.

Асуудлын гол нь “CrowdStrike”-ийн буруу кодоос үүдэлтэй аж. Харамсалтай нь, алдааг засахад багагүй хугацаа шаардах бөгөөд бүх систем хэвийн байдалдаа орох хүртэл хэдэн өдөр ч зарцуулагдаж магадгүй байна.

Хэдийгээр “CrowdStrike” уучлалт гуйсан ч хохирсон хэрэглэгчдэд нөхөн олговор олгох талаар огт дурдаагүй байна. CNN тус компаниас энэ талаар тодруулахад ямар нэгэн хариулт өгөөгүй ажээ.

Мэргэжилтнүүд хохирсон хэрэглэгчид шүүхэд хандан, цалин хөлсөө нэхэмжилнэ гэж найдаж буй юм байна.

“Wedbush Securities”-ийн технологийн шинжээч Дэн Айвс хэлэхдээ “Хэрэв та CrowdStrike-ийн хуульч бол зуны үлдсэн хугацааг зугаатай өнгөрүүлж чадахгүй байх магадлалтай” гэжээ.

Тэрбум ам.долларын тооцоолол 

Мэргэжилтнүүд Баасан гаригт болсон интернэтийн саатлын улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтооход эрт байна гэдэгтэй санал нэг байна. Мичиганы судалгааны “Андерсон” фирмийн Эдийн засгийн Группын гүйцэтгэх захирал, ажил хаялт болон бусад бизнесийн саатал, доголдлын улмаас учирсан эдийн засгийн хохирлын тооцооллоор мэргэшсэн Патрик Андерсон “Нийт хохирлын дүн нэг тэрбум ам.доллароос давж магадгүй” гэж хэлжээ.

Түүний пүүсийн тооцоолсноор, АНУ-ын автомашины дилерүүдэд үйлчилдэг “CDK Global” программ хангамжийн фирмийг саяхан хакердсаны улмаас учирсан хохирлын хэмжээ нэг тэрбум доллар болсон байна.

“CrowdStrike” кибер аюулгүй байдлын салбарт ноёрхож байгаа ч орлого нь жилд 4 тэрбум ам.доллар хүрдэггүй ажээ.

Эх сурвалж: REUTERS, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу