БНСУ-ын алдарт “NewJeans” хамтлагийн оролцон тоглосон, Солонгосын аялал жуулчлалыг сурталчилсан видеонууд YouTube-д байршсанаасаа хойш ердөө 11 хоногийн дараа буюу Даваа гарагт нийтдээ 30 сая хандалт авчээ.

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон түүний харъяа аялал жуулчлалын байгууллага (KTO) хамтран бүтээсэн дээрх видеонуудад хоёр телевизийн сурталчилгаа, хоёр 30 минутын тизер видео багтсан байна.

KTO-гийн YouTube сувгийн “Imagine Your Korea” хуудас дээр долдугаар сарын 11-нд байршуулсан сурталчилгаанд “Солонгосчуудын Солонгос” гэсэн уриа лоозон ашигласан бөгөөд нутгийн иргэд хэдийнэ мэдэх ч гадаадын жуулчдад төдийлөн танигдаагүй аялал жуулчлалын газруудыг танилцуулжээ.

Сурталчилгаанд “NewJeans” хамтлагийн гишүүд “ттеокбокки” шөлөнд дүрсэн “гимбап” амтлахаар уламжлалт зах руу орж, явган аялал хийснийхээ дараа аяга “рамён” идэж, далайн эрэг дээр “чунму гимбап” идэхийг зөвлөж буйг харуулсан байна.

Тэд мөн үзэгчдэд хандан, хөдөө тосгодоор аялах, загварлаг кафед зочлох, Солонгосын дизайны өвөрмөц тал болох уламжлалт сувдан урлалын сургалтад хамрагдахаас эхлээд нуугдмал эрдэнийн чулуудыг судлахыг уриалж байгаа аж.

KTO мөн аравдугаар сар хүртэл Нью-Йорк, Токио, Шанхай, Бангкок, Дубай, Мехико зэрэг дэлхийн 14 хотын томоохон сурталчилгааны самбарт дээрх сурталчилгаануудыг байршуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу