“Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ. (Эх сурвалж. Эрх зүйн хөтөч)

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг таван хэрэгт буруутган, ял оноосны нэг нь “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг. Үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг түүнд хэн өгөв гэсэн асуултыг олон хүн тавьсаар ирсэн. Улмаар иргэд “төрийн нууц задруулсан” тэр этгээдийг олж илрүүлэн, хариуцлага тооцох ёстой хэмээн шаардсаар байгаа билээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн өнөөдөр (2024.07.23) Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаа талаар Төрийн ордны гадна мэдээлэл хийв.

Энэ үеэр түүний дүү Н.Жаргалбаяр хэлэхдээ “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зөрчин, төрийн нууц өгсөн албан тушаалтан” хэмээн олонд зарлалаа.

Хэн нэгнийг шүүхээс гэм буруутай болохыг нь тогтоогоогүй байхад гэмтэн гэж зарлаж болохгүй. Хэрвээ гэмт хэрэг, онцолбол төрийн нууцтай холбоотой мэдээллийг сэтгүүлчид өгсөн бол тэр гэмт этгээд хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой юм.

Б.Бат-Эрдэнэ гишүүн сайд байхдаа буюу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр болсон МАН-ын Удирдах зөвлөл болон намын Бага хурлын үеэр Төрийн нууц задалсан нэг сайд байгаа гэсэн яриа тархсаныг би одоо сонсож байна.

Сайд нар хуулийн дагуу төрийн нууцтай тодорхой хэмжээгээр танилцдаг. Иймээс сайд төрийн нууц задлах боломж хуулиараа бүрдээгүй хэмээн бодож байна. Харин ЖДҮ-ийн хувьд миний нэр холбогдож байгаагүй” гэж мэдээлж байсан юм. 

“ТӨРИЙН НУУЦ ГЭЭД БАЙГАА БИЧИГ АЖИЛЧДЫНХ НЬ МАШИНААС ОЛДСОН”

Н.Өнөрцэцэгийн эгч Н.ӨНӨРБАЯР:

-Манай дүүг таван хэргээр хэлмэгдүүлсэн. Түүний хоёр нь татвартай холбоотой. Өнөөдөр Монголд татвартай холбоотойгоор ял шийтгүүлсэн ганц ч хүн байдаггүй юм билээ. Дараагийн хоёр нь бусдын алдар, нэр хүндэд халдсан гэх хэрэг. Эдгээрт хамаарах Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хорих ял шийтгэлгүй.

Тав дахь нь төрийн нууц задруулсан хэрэг. Zarig.mn сайт 20 гаруй сэтгүүлчтэй. Тэдгээр сэтгүүлчийн ширээн дээр, шүүгээнд нь ямар материал байгааг мэдэх аргагүй. Манай Өнөрөө ажил дээрээ бараг очдоггүй байсан.

Төрийн нууцтай холбоотой бичиг нь Өнөрөөгийнх биш. Эргээд шалгавал учир нь олдох л юм билээ. Энэ хэргийг олон сар шалгасан. Тэгэхэд тодорхой баймаар юм. Гэтэл шууд ял оноосонд бид гомдолтой байна.

Төрийн нууц гээд байгаа бичиг ажилчдынх нь машинаас олдсон. Тэр машинд хоёр долоо хоног байсан. Гэтэл өөрт нь хамааралгүй юмыг хамаатай болгож байна. Дүү маань хоригдоод маш хүнд байна. Би өчигдөр эргэсэн. Харахад их хэцүү байсан.

Шүүх буруу шийдвэр гаргаж, дүүг маань хэлмэгдүүлсэн. Үүнийгээ зогсоо гэж хэлмээр байна. Ард нь малчин ард байдаг гэхээр биднийг дээрэлхээд байгаа юм уу. Төрийн гурван өндөрлөгөөс энэ хэргийг анхааралдаа аваад, үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна.

Түүнээс гадна дүү минь 4.9 жил гэдгийг сонсоод, шүүхийн танхимд арга ядахдаа л хэдхэн минутын шууд бичлэг хийсэн байсан. Гэвч үүнийг нь худлаа, жүжиглэж байна гэх мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байна.

Өчигдрөөс хойш дүүг минь харлуулах бүхэл бүтэн тролл баг ажиллаад эхэлсэн байна. Тэдгээр хаягууд руу ороод хараарай. Дандаа хуурамч хаягууд байгаа. Малчин бид харахад л ойлгомжтой байна шүү дээ.

“АМАРБАЯСГАЛАН ГЭДЭГ МӨРДӨГЧ “КОФЕ УУЯ” ГЭЖ ДУУДААД, ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛСАН”

Н.Өнөрцэцэгийн дүү Н.ЖАРГАЛБАЯР: 

-Төрийн нууцыг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэр хүн төрийн нууцыг сэтгүүлчид дамжуулсан байтал ялгүй үлдээд, яагаад манай эгч ялтан болоод байж байгаа юм бэ.

Таван зүйл ангиар ялласны нэг нь хувь хүний нууц задруулсан гэдэг зүйл анги. Алуурчны талаар яагаад ард түмэн мэдэж болохгүй гэж. Хүүхэд хөнөөсөн алуурчны мэдээллийг ил болгосон сэтгүүлч яагаад ял авч байгаа юм бэ.

Одоогоор Б.Бат-Эрдэнийг бус, тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан хүнийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий. Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр төрийн нууц гээд байгаа бичиг баримтыг манай сэтгүүлчид дамжуулсан.

Сэтгүүлч тэр бичгийг шүүгээндээ хийсэн байсан. Өнөрөө эгчийг хоригддог орой zarig-ийн менежер тэр бичгийг бусад материалын хамт машиндаа хийсэн. Түүнээс хоёр долоо хоногийн дараа “Машиных нь цонх хагарчихлаа” гэж өөр рүү нь залгасан.

Гэтэл Өнөрөө эгчийн хэрэг дээр ажиллаж байсан Амарбаясгалан гэдэг мөрдөгч zarig-ийн менежерийн машины цонх хагарсан газарт хоёр хүнтэй оччихсон байсан. Ингээд машинд нь үзлэг хийгээд, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж аваад явсан.

Маргааш нь Амарбаясгалан “Кофе ууя” гэж дуудангуутаа гарын үсэг зуруулаад, нөгөө бичиг баримтыг хүлээн зөвшөөрүүлсэн. Ийм л юм болсон. “Төрийн нууц” гээд байгаа бичиг цэнхэр хавтас дотроос гарч ирсэн. Энэ хүний шүүгээнээс авсан” гэдгээ гэрч хэлээд байхад өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэггүй сэтгүүлчийг ялласан.

“ТЭР ‘ТӨРИЙН НУУЦ’ ГЭХ МАТЕРИАЛЫГ МАНАЙ ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ХАРАХ НЬ БАЙТУГАЙ МЭДЭХ Ч ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ”

Зариг.мн сайтын маркетингийн менежер Т.ЖАГВАРАЛМАА:

-Эрхлэгчийг яллаад буй төрийн нууц гэх материалыг цагдаагийн алба хаагчид хууль бус мөрдөх ажиллагаа явуулж, тодруулбал, надад байсан бичиг баримтыг хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр надаас хураан авсан.

Хичнээн баримтыг сольж, эсвэл шургуулсан бэ гэдгийг одоо бодоод байхад мэдэх боломжгүй нөхцөлд намайг байцаасан. Тэр “төрийн нууц” гэх материалыг манай эрхлэгч Н.Өнөрцэцэг харах нь байтугай мэдэх ч үгүй шүү дээ. Ингэж хүнийг яллаж болдог юм уу.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу