АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авч, тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ.

“Associated Press” агентлагаас Даваа гаргийн орой явуулсан судалгаагаар, тэрбээр эхний шатны санал хураалтад нэр дэвшихэд шаардлагатай 1976 гаруй төлөөлөгчийн дэмжлэгийг авсан байна. Энэ нь Харрис ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамптай өрсөлдөнө гэсэн үг юм.

Ирэх сард Чикагод болох Ардчилсан намын Үндэсний их хурал (DNC)-ын өмнө тус намын төлөөлөгчдийн дунд дахин санал асуулга явуулснаар түүний нэр дэвших асуудал эцэслэгдэнэ.

Бүс нутгаа төлөөлөхөөр сонгогдсон төлөөлөгчдийн амлалт санал хураалт хүртэл хүчин төгөлдөр бус боловч өөрчлөгдөх магадлал тун бага ажээ.

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гарагт өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэнээс хойш хэн ч Харристай хамт өрсөлдөхөө илэрхийлээгүй ажээ. Байден Трамптай хийсэн мэтгэлцээнд бүдэрсэнийхээ дараа намынхаа ахмад гишүүдийн дарамт шахалтад орсон байна.

Байденыг нэрээ татаж буйгаа зарласнаас хойш Харрисын сонгуулийн кампанит ажилд АНУ-ын зүүн эргийн цагаар энэ сарын 21-ний өдрийн 22:00 цагийн үед (Улаанбаатарын цагаар өглөөний 10:00 цаг) 55 сая гаруй ам.долларын хандив орж иржээ.

Ардчилсан намын тэргүүлэгчид Харрисыг Ардчилсан намаас нэр дэвших саналыг дэмжихээр жагссан талаар хандив цуглуулж буй “ActBlue” платформын мэдээлэлд үндэслэн “Politico” сонинд бичсэн байна.

Байден өрсөлдөөнөөс гарснаас хойш таван цагийн дараа 27.5 сая долларын хандив цугларчээ. “Politico” сонинд бичсэнээр, зургаадугаар сарын эцсийн байдлаар Байдены сонгуулийн штабд цугларсан 95 сая ам.долларыг Харрисын кампанит ажилд зарцуулах аж.

“The Washington Examiner” сонинд бичсэнээр, хэрвээ Харрис нэр дэвших боломжгүй болж, өөр улстөрч түүнийг орлох тохиолдолд цугларсан мөнгийг хандивлагчдад буцаан олгох юм байна.

“Politico” сонинд мэдээлснээр, Ням гаргийн оройны байдлаар Харрисыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг Ардчилсан намаас Сенатад сонгогдсон 26 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 72 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн Нью-Жерси, Нью-Йорк, Калифорни, Мичиган, Пенсильвания зэрэг муж улсуудын захирагчид, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, түүний гэргий Хиллари Клинтон нар дэд ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчид үндсэн хорооныхоо нэрийг өөрчилж, Байдены кампанит ажлын хандивыг өвлөсөн Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн хороонд өгсөн мэдүүлэгтээ өөрчлөлт оруулсан байна.

Өдгөө АНУ-д Харрисын орны дэд ерөнхийлөгчийн асуудал хүчтэй өрнөж байгаа аж. Дэд ерөнхийлөгчид нийт 10 орчим хүний нэр яригдаж байгаагийн ихэнх нь албан тушаалтнууд юм байна.

Тэдний дунд Кентакки муж улсын захирагч Энди Бешир, Иллиноис муж улсын захирагч Ж.Р.Прицкер, Тээврийн сайд Пит Буттижич, Мичиганы захирагч Гретхен Уитмер, Калифорнийн захирагч Гэвин Ньюсом нар байгаа ажээ.

Эх сурвалж: BBC, TASS, CNN, AP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу