Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, долдугаар сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох ХБНГУ-ын Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн талаараа мэдээлсэн.

Допингийн шинжилгээнд хамрагдсан 28 бөхийн шинжилгээний хариу (хэвийн илэрцтэй) долдугаар сарын 16-ны өдөр, гурван бөхийн шинжилгээний хариу долдугаар сарын 18-ны өдөр, нэг бөхийн шинжилгээний хариуг долдугаар сарын 22-ны өдөр МОНАДА болон Үндэсний бөхийн салбар хорооны цахим шуудангаар тус тус хүлээн авчээ.

Долдугаар сарын 18, 22-нд ирсэн шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн, улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу иржээ.

Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна.

Жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүсчээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нартай үргэлжлүүлэн ажиллаж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу