АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчлах талаар АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.

Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлснээсээ хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 18 дахь удаагаа айлчлах гэж байгаа аж.

Блинкен Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг дахин нотлох юм байна.

АНУ болон Монгол Улс ардчилсан институцийг цаашид бэхжүүлэх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдал ба үндэсний тусгаар бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн ба иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэх аж.

Төрийн нарийн бичгийн дарга мөн АНУ-аас Монголд “гуравдагч хөрш”-ийн хувиар өгч буй амлалтыг онцлох нь.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен энэхүү айлчлалаараа АНУ-аас Энэтхэг-Номхон далайн холбоотнууд болон түншүүддээ өгч буй тууштай үүрэг амлалтыг батлан харуулах юм байна.

Эх сурвалж: U.S.DEPARTMENT OF STATE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу