Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны Нагоя башё арав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол сүмочдоос өчигдөр (2024.07.22) 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит даваагаа авч, башёг ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа юм.

Өдгөө 32 настай тэрбээр өвдөг, хавирганы бэртлийн улмаас Харү болон Нацү башёд бүрэн барилдаж чадалгүй ч долдугаар сарын башёд бүрэн эдгэрч, эргэн иржээ.

Башёгийн ес дэх өдөр Тэрүнофүжи комүсүби Дайэйшог давж, 9-0-ийн харьцаатай амжилт үзүүлэв. Озэки Котозакүра болон Чүраномоүми хоёр долоон даваа, хоёр унаатай түүний араас яваа аж.

Өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй хүч үзнэ. Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж буй юм байна.

Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй түүнийг долоо болон есдүгээр сарын башёд хэр амжилттай барилдахыг харгалзан зодог тайлуулах эсэхийг шийднэ гэх мэдээ гарчээ.

Озэки Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, гурван унаатай, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр таван даваа, дөрвөн унаатай тус тус башёг үргэлжлүүлж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу