Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам нээлтээ хийхэд хоёрхон хоног үлдлээ. Парист хамгийн сүүлд 100 жилийн өмнө Олимпын тоглолт болжээ.

Олимпын наадмын зүрх болсон “Олимпын тосгон” үүдээ нээн, зочдоо хүлээн авч эхэлсэн бөгөөд Монголын багийн бокс, жүдо, байт харваа, дугуй, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн тамирчид хотхондоо байрлаад буй юм.

Урьдчилсан байдлаар “Тамирчдын хотхон”-д 2500 гаруй тамирчин байрлаад байгаа талаар Олон Улсын олимпын хорооноос мэдээлэв. Тус хотхонд олон мянган тамирчин, албаны хүмүүс хүрэлцэн ирсээр байгаа бөгөөд наадмын оргил үеэр 14500 орчим хүн байрлах төлөвтэй байгаа аж.

Нийт 40 янзын загвар хийц бүхий цөөн давхар орон сууцны блокуудаас бүрдсэн уг цогцолборыг нүүрстөрөгчийн ялгарал багатайгаар үйлдвэрлэсэн бетон, дахин боловсруулсан ус, сэргээн засварласан барилгын материалуудыг ашиглан, шинэлэг технологиор бүтээн байгуулжээ.

Францын багийн ахлагчийн орлогч Андре-Пьер Губерт “Франс Пресс” агентлагт өмнө нь “Эхний өдөр Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Бразил, Швейцар зэрэг орнуудын төлөөлөл ирнэ” гэж мэдээлсэн. Түүний хэлснээр, энэхүү тосгон бүрэн ашиглалтад орсноор 14500 хүн, түүний дотор 9000 тамирчин хүлээн авах юм байна.

Тамирчдын хотхонд нэг ч агааржуулагч байхгүй бөгөөд өрөөнүүдийг газрын гүний ус татдаг хөргөлтийн системээр тоноглож, цонхуудыг нарны шууд тусгал бага тусдаг байхаар тохижуулжээ.

Олимпын наадам зохион байгуулагчид энэ удаагийн олимп, паралимпын наадмаар нүүрстөрөгчийн хийн ялгарлыг 1.58 сая тонн хүртэл хязгаарлахаар төлөвлөсөн бөгөөд түүхэн дэх хамгийн “Ногоон Олимп” байх болно гэж мэдээлж байна.

МОНГОЛЫН БАГ “ПАРИС 2024” НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨХ ӨДӨР БУЮУ ПҮРЭВ ГАРАГ (2024.07.25)-Т ТЭМЦЭЭНЭЭ ЭХЛҮҮЛНЭ

Монгол Улс энэхүү тэмцээнд спортын есөн төрөлд 33 тамирчнаа илгээж буй. Шигшээ багууд эхнээсээ хилийн чанадыг зорьж, олимп хүртэлх бэлтгэлээ гадаадад хийж байгаа юм.

Олимпын байт харвааны тэмцээн долдугаар сарын 25-ны өдөр эхэлнэ. Монголын баг “Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу Пүрэв гараг (2024.07.25)-т тэмцээнээ эхлүүлэх юм.

Байт харвааны тэмцээн “Les Invalides”-т энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхэлж, наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд ганцаараа өрсөлдөх билээ. Б.Отгонболдын хувьд долдугаар сарын 25-нд урьдчилсан буюу шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харвааг хийж, долдугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөх юм.

ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ, ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Э.АРИУНБОЛД НАР ЭНЭ САРЫН 27-НД БАРИЛДАНА

Жүдо бөхийн тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагт эхэлнэ. Барилдаан энэ сарын 27-ны 16:00, финалын тэмцээн 22:00 цагт эхлэх юм. Тодруулбал,

Долдугаар сарын 27-нд эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаан болно. Уг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд нар барилдана.

Долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаантай. Уг жинд олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам, гавьяат тамирчин Ё.Басхүү нар зодоглоно.

Долдугаар сарын 29-нд эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр өрсөлдөнө.

Долдугаар сарын 30-нд эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаантай. (Монгол Улсаас тамирчин байхгүй)

Долдугаар сарын 31-нд эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаантай(Монгол Улсаас тамирчин байхгүй).

Наймдугаар сарын 1-нд эмэгтэйчүүдийн -78, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн, О.Хүслэн нар зодоглоно.

Наймдугаар сарын 2-нд эмэгтэйчүүдийн +78, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаантай. Манай улсаас олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар барилдана.

Наймдугаар сарын 3-нд холимог багийн барилдаантай.

“ЦЕНТРАЛ”, ПРЕМЬЕР СПОРТС НЭТВОРК” СУВАГ ЗУНЫ XXXIII НААДМЫГ
ШУУД ДАМЖУУЛНА

Зуны спортын наадмыг Монголын сэтгүүлчид 1964 оноос хойш тасралтгүй сурвалжилж буй.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэ удаагийн наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат зургаа, зурагчин Д.Нямбилэг гурав, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан 16 дахь Олимпын наадмаа сурвалжлах бол сэтгүүлч Ж.Цэцэгмаа анх удаа  сурвалжилна.

Монгол Улс 20 жилийн өмнө буюу 2004 оноос Олимпын наадмыг шууд дамжуулсан түүхтэй. Анх ТВ5 телевиз Олимпын наадмыг эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх шанг татсан бол өнөөдөр “Централ” телевиз, спортын төрөлжсөн “Премьер спортс нэтворк” сувгийн хамт олон зуны XXXIII наадмыг Монгол Улсад албан ёсны онцгой эрхтэйгээр 16 хоногийн турш шууд дамжуулахад бэлэн болжээ.

ПАРИСЫН НААДМЫГ 10 САЯ ОРЧИМ ХҮН ҮЗЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 26-ны Баасан гарагт эхлэх Олимпын наадмын үеэр оршин суугчид, тамирчид, аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа нар замын хөдөлгөөн, аюулгүй байдлыг хангах бүсийг байгуулсан байна.

Францын аюулгүй байдлын албаны ажилтнууд Сена мөрөн дээр болох нээлтийн ёслолын өмнө Парисын төв хэсгийг тусгаарлан хамгаалж эхэлсэн байгаа аж. Тодруулбал, нээлтийн ёслолтой холбоотойгоор энэ сарын 18-ны өдрийн 05:00 цагаас эргийн дагуух төвийн дүүргүүд рүү тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хязгаарлажээ.

Иймд Сена мөрний хоёр эргийн дагуух хамгийн өндөр хамгаалалттай “саарал бүс” рүү орохыг хүссэн хүн бүр, тухайлбал, тухайн бүсийн оршин суугчид болон зочид буудлуудад захиалга өгсөн жуулчид QR код бүхий нэвтрэх тасалбар авах шаардлагатай болсон байна.

Тус наадмыг 10 сая орчим хүн үзэх төлөвтэй байгаа талаар гаднын хэвлэлүүд мэдээлж буй юм. Долдугаар сарын 26-нд болох парадын үеэр 45 мянга орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, олон мянган цэрэг, хувийн хамгаалалтын албаныхан туслахаар болжээ.

Францын зүүн нутгийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт заналхийлсэн утгатай зурвас бичсэн хэт даврагч этгээдийг баривчилсан байна. Түүнээс гадна, нээлтийн ёслол болох чиглэлийн дагуу олон мянган хамгаалалтын төмөр хаалт босгосонд зарим оршин суугчид дургүйцлээ илэрхийлжээ.

Парисын олимп тойрсон сонин хачнаас

Японы спортын гимнастикийн шигшээ багийн ахлагч Шоко Мията тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас “Парис-2024” Олимпын наадамд оролцох эрхээ хасуулсан талаар Kyodo news агентлаг Японы Гимнастикийн холбоо /JGA/-ны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Японы хуулиар 20 нас хүрсэн хүмүүс тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг ажээ. Японы Гимнастикийн холбооны мэдэгдэлд дурдсанаар, тамирчдын ёсзүйн дүрмийг зөрчсөний учир Миятаг Олимпын тоглолтод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ.

“Сэтгэлзүйн их ачааллын” улмаас цорын ганц удаа архи, тамхи хэрэглэсэн гэдгээ гимнастикч бүсгүй тайлбарласан боловч дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнээс гадна, шигшээ багийн ээлжит бэлтгэл цугларалтын үеэр Мията уг үйлдлийг хийсэн болохыг JGA-гийн мэдэгдэлд дурджээ.

Мията 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль, мөн онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрөлд хоёр мөнгөн медаль хүртжээ.

БНАСАУ-ын Спортын сайд Ким Ил Гукээр ахлуулсан 20 орчим гишүүнтэй баг тамирчин “Парис-2024” Олимпын наадамд оролцох юм байна. Тэдгээр тамирчид Умард Солонгосын далбаатай цагаан хүрэм, цэнхэр өнгийн өмд болон даашинзаар гоёжээ.

Хойд Солонгосын Олимпын хорооноос “Манай баг тамирчид олон улсын спортын тэмцээн уралдаануудаас урьд урьдынхаас илүү олон медаль авахыг эрмэлзэж байна. Манай хорооны зорилго бол улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөх, Хойд Солонгосын ард түмэнд урам зориг өгөх явдал юм” гэж мэдэгдсэн байна.

Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, борлуулсан тасалбарын тоо түүхэн дээд үзүүлэлт буюу 8.8 саяд хүрч, 2000 тамирчин Олимпын тосгондоо хэдийнэ байрлаад байгаа тухай Парисын Олимпыг зохион байгуулагчид мэдээлэв.

Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Парис хотноо “Бэлтгэл ажил маш сайн хангагдаж байна. Олимпын нээлтэд ерөнхийдөө бэлэн болоод байна. Асар өндөр сонор сэрэмжтэй байж, өчүүхэн ч сорилтыг үл тоомсорлохгүйгээр дэлхийн хамгийн нарийн төвөгтэй арга хэмжээг зохион байгуулж чадах зохион байгуулах хороо ажиллаж байна. Энэ нь бидэнд асар их итгэл найдвар төрүүлж байна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт буюу наадам эхлэхээс дөрвөн хоногийн өмнө Тамирчдын тосгонд зочлох үеэрээ “Франц улс Парисын Олимпыг зохион байгуулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Макрон “Бид бэлэн байна, наадмын туршид ч бэлэн байх болно. Бид энэхүү наадамд олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд нээлтийн ёслол Баасан гарагт болж, түүний дараачаас тэмцээн уралдааны шийдвэрлэх долоо хоног эхэлнэ” гэж цохон тэмдэглэсэн байна.

Леброн Жеймс Баасан гарагт Америкийн тамирчдын суусан завийг ахлан, нээлтийн ёслолд оролцоно

Сагсан бөмбөгч Леброн Жеймс Олимпод оролцох АНУ-ын багийн туг баригчаар сонгогджээ. Тэрбээр улсынхаа түүхэнд энэхүү үүргийг гүйцэтгэх анхны эрэгтэй сагсаг бөмбөгч болж байгаа аж. Өмнө нь 2004 оны Афины наадамд Даун Стейли, 2020 оны Токиогийн наадамд Сью Бэрд зэрэг эмэгтэй сагсанбөмбөгчид туг барьж байв.

Л.Жеймс Баасан гарагт Америкийн тамирчдын суусан завийг ахлан, Сена мөрний дагуу болох нээлтийн ёслолд оролцох юм байна. Энэ нь NBA-ийн дөрвөн удаагийн аварга, NBA-ийн бүх цаг үеийн онооны лидерийн хувьд бас нэгэн түүхэн үйл явдал болно. Зуны наадамд дөрөв дэх удаагаа оролцох гэж байгаа тэрбээр анх 2004 онд Олимпод оролцохдоо 19 настай байжээ.

Л.Жеймс эх орныхоо далбааг мандуулахаар болсноо “нэр төрийн хэрэг” гээд, “Эх орноо өвөрмөц байдлаар төлөөлөх боломж олдсон нь надад онцгой сайхан санагдаж байна. Үүрд дурсагдах энэ мөч ямар үнэ цэнтэй болохыг би маш сайн ойлгон ухамсарлаж байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Парисын Олимпын дараа Паралимпын тоглолт наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу