Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксон өнгөрсөн 70 жилийн хугацаанд төрийн болон шашны асрамжийн газарт 200 мянга орчим хүүхэд, залуучууд, эмзэг бүлгийн насанд хүрэгчид хүчирхийлэлд өртсөнийг олон нийтийн мөрдөн байцаалтын явцад илрүүлсний дараа Лхагва гарагт уучлалт гуйж, шинэчлэл хийхээ амаллаа.

1950-2019 онд асрамжийн газарт байсан бараг гурван хүүхэд тутмын нэг, эмзэг бүлгийн насанд хүрсэн гурван хүн тутмын нэг ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байжээ. Энэ нь тус улсын Засгийн газар олон тэрбум ам.долларын нөхөн олговрын нэхэмжлэлтэй нүүр тулж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа аж.

Луксон хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол Шинэ Зеландын нийгэм, төрийн түүхэн дэх хар, гунигтай өдөр. Бид үүнийг засч залруулж, сайжруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Арваннэгдүгээр сарын 12-нд албан ёсоор уучлалт гуйна” гэж хэлжээ.

Амьд үлдсэн хүмүүс болон тэдний дэмжигчид тус улсын парламентын олон нийтийн танхимд олноороо цуглаж, тус улсын парламентын тайланг хэлэлцэх зуур тусдаа өрөөнөөс ажиглаж байсан аж.  Луксоныг үг хэлсний дараа хүмүүс хайр ба эв нэгдлийн тухай уугуул иргэдийн маори дууг дуулжээ.

Хатан хааны мөрдөн байцаах комиссын тайланд дурдсанаар, Маоригийн уугуул иргэд, сэтгэцийн болон бие махбодын, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс голдуу хүчирхийлэлд өртөж байсан аж.

Иргэний болон шашны удирдагчид хүчирхийллийг нуун дарагдуулахын тулд хүчирхийлэгчдийг өөр газарт нүүлгэн шилжүүлж, гэм буруугүй гэж батлахыг оролдсоноор олон хохирогч “шударга ёс” гэж байдгийг мэдэж чадалгүй хорвоогоос буцсаныг тус тайланд дурдсан байна.

Мөн “Төрийн болон шашны байгууллагуудын хараа хяналтад байсан олон зуун мянган хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид хүчирхийлэлд өртөж, тэдэнд хайхрамжгүй хандсан нь үндэсний гутамшиг юм” гэж дурджээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу