Засгийн газар өнөөдөр (2024.07.24) ээлжит хуралдаанаараа 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр үргэлжлүүлэн хуралдаж байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.

“ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГТ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ АЛБАН ДААЛГАВРААР АЛБАЖУУЛНА”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл, төслийн эхний хувилбарыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Мөн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.

Мөн Монгол Улсын Сангийн сайд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Эдгээр танилцуулгуудтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудын чиглэлийг холбогдох сайд нарт албан даалгараар үүрэг өглөө.

100 хоногт хөрөгжүүлэх төслүүд, 100 хоногт эхлүүлэх ажлуудыг албан даалгавраар албажуулж байна гэсэн үг. Энэ албан даалгаврын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдана.

Энэхүү гэрээг хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн гурван намын хооронд ойрын үед байгуулах юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдааг хангуулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан зарим яамдын чиг үүрэг шилжсэн. Зарим яамдын нэрэнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бүтэц, орон тоо, төсвийг нэмэгдүүлэхгүйгээр яамдын бүтэц, орон тоог шинээр баталсан. Жишээлбэл,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд залуучуудын бодлого байсан нь бүтэц орон тоотойгоо шилжинэ.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор Гэр бүлийн бодлогын газрыг дотор нь хүүхэд, хөгжлийн брэхшээлтэй иргэн гэж зохион байгуулан, нэгжүүдээ байгуулж байна.

Соёлын яаман дээр спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлого нэмэгдэж байгаа учраас бүтэц, орон тоотойгоо шилжиж байна гэсэн үг.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах яам байгуулагдсантай холбогдуулан аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн бодлого тус яаманд харъяалагдаж байна. Цөмийн энергийн бодлогууд Аж үйлдвэрийн яам руу шилжиж байна.

“ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛНА”

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд гаргасан бодлого анхан шатанд очоод хэрэгждэггүй байсан учир энэ удаад хэрэгжилт рүү илүү анхаарч ажиллах зорилт тавьсан. Ингэхийн тулд салбар дундын уялдааг хангуулах маш чухал байна.

Ерөнхий сайдын дэргэд болон яамдын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа Үндэсний хороод бий. Жишээ нь, Биеийн тамир, спортын үндэсний хороо, Бүтээмжийн хороо, Хүний эрхийн хороо зэрэг. Эдгээр хороодыг нэгтгэж, заримыг нь салбар яам руу нь шууд шилжүүлэх, заримыг нь цомхотгоно.

Салбар дундын уялдааг хангуулах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороо байгуулна. Үндэсний хороон дээрээ Ерөнхий сайд салбар дундын уялдааг өөрөө хангаж ажилладаг шинэ нэгж рүү орж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо” байгуулах тухай тогтоолыг төслийг баталлаа.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлого амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх, бартаа саад байгаа эсэхийг нягтлах зорилгоор Ерөнхий сайд зөвхөн салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог өөрөө ахална. Үүн дээр холбогдох сайд нарыг оруулсан. Дээрээс нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон мэргэжлийн экспертүүдийн төлөөллийг оруулаад, энэхүү Үндэсний хороо байгуулж байна.

“ГЭР БҮЛ, ХҮН АМЫН БҮЛГҮҮДИЙН ОНЦЛОГТ НИЙЦСЭН БОДЛОГЫГ
ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ТАВИНА”

Хамтарсан Засгийн газрын гэрээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгасан.

Гэрээнд оролцогч гурван намын нийтлэг зорилтуудаас гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан Нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төслүүдийг урагшлуулах зорилтуудыг удирдлага болгосон.

Ардчилсан Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хувийн өмчийн эрхээ хамгаалах, бизнес хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг удирдлага болгосон.

ХҮН намын сонгуулийн эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгож таван бүлэгтэй гэрээг боловсруулсан байна.

Үүнд сорилтууд буюу дэд бүтэц, эрчим хүч, мега төсөл, түгжрэл, агаарын бохирдол, бүсчилсэн хөгжлийн зорилт зэрэг Засгийн Газрын тэргүүлэх чиглэлүүдийг гэрээндээ тусгасан. Тодруулбал гэр бүл, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлогыг тэргүүн ээлжид тавина.

Түүний дараа үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар ба олон улсын нөхцөл байдал, геополитик, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэнэ.

Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах асуудлыг тухайлан бүлэг болгосон. Мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, засаглалын бодлогууд, 20 минутын хот хэрхэн шийдвэрлэх зэргээр таван бүлэгт хуваарилсан.

Намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх үндсэн дээр мөрийн хөтөлбөрүүдийг гэрээн дээр тусгаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу