Гадаад харилцааны яамны Консулын газраас Зуны олимпын “Парис-2024” наадам 2024 оны долдугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэв. Үүнд:

БЭЛЭН МӨНГӨ: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчиж буй зорчигч 10000 евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл (алт, мөнгө, зоос г.м), мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд (чек, үнэт цаас г.м) авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй.

Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

ЭМ БЭЛДМЭЛ: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэл авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор (3 сараас хэтрээгүй) мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.

ТЭЖЭЭВЭР АМЬТАН: Франц Улс болон Европын Холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтад (гэрийн тэжээвэр амьтан)-ыг Франц Улсын хилээр нэвтрүүлэхэд ЕХ-ны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.

АРХИ ТАМХИНЫ ХЯЗГААР: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд:

-22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа;

-22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа;

-10 ширхэгтэй 1 хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи;

-50 ширхэг навчин тамхи;

-250 грамм дүнсэн тамхи;

-20 мл электрон тамхины цэнэглэгч;

-100 грамм хамрын тамхи зэрэг байх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу