Селин Дион 2024 оны Олимпын наадмын өмнө Парист нүүр дүүрэн инээмсэглэсээр хүрэлцэн ирсэн талаар “The Mirror” мэдээлэв.

Өдгөө 56 настай дуучин Францын нийслэл дэх “Royal Monceau” зочид буудалд буусан бөгөөд цав цагаан цамц, загварлаг хар өнгийн өмдөө том хар пиджактай хослуулан өмссөн нь ихэд дэгжин харагдаж байсан аж. Тэрбээр өөрийг нь ирэхийг хүлээж буй гэрэл зурагчдын хурц гэрлээс хамгаалан нарны шил зүүжээ.

“My Heart Will Go On” хитмейкер ховор тохиолддог, эдгэшгүй, хөшүүн хүний хамшинж өвчтэй гэж оношлогдсон билээ. Селин саяхан үзэгчдийн талархлыг хүлээсэн баримтат киноныхоо үеэр дахин тоглолт хийхээр шийдсэнээ мэдээлж, тайзнаа эргэн ирэхээ амалжээ.

“The Sun”-ийн мэдээлснээр, Селин Баасан гаргийн орой ёслолын ажиллагаан дээр дуулахыг хүсчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, багийнхан нь түүний төлөө цаг наргүй ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч Селиний хэвлэлийн төлөөлөгч энэ талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Дуучин “Би Селин Дион” хэмээх баримтат кинондоо хөгжмийн карьераа үргэлжлүүлэхийн зэрэгцээ гурван хүүхэд болох 23 настай Рене-Чарльз, ихэр Нелсон, Эдди нарын ээж болж, хүнд хэцүү байдалтай хэрхэн тэмцэж буйгаа харуулсан байна.

Энэхүү кинонд Селиний амьдралын нэг жилийн түүхийг өгүүлсэн бөгөөд од бүсгүйн нөхцөл байдалтай эвлэрэхийн тулд шүд зуун тэмцэж буйг харуулсан гунигтай үзэгдлүүдийг шүтэн бишрэгчид нь нулимс дуслуулан үзэж магтжээ.

Өнгөрсөн жил тэрбээр эдгэшгүй өвчин туссанаа зарласны дараа “дэлхийн аялал”-аа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Селин шүтэн бишрэгчдэдээ хандаж хийсэн видео бичлэгтээ “Би удаан хугацаанд эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бөгөөд даван туулсан бүх бэрхшээлийнхээ талаар ярих надад үнэхээр амаргүй байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: THE MIRROR
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу