“Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах өндөр шилэн барилгын таван давхарт гарлаа. Нам гүм барилгын нэг захад Т.Наргиймаагийн урлан байх аж. Ширээн дээр гоёмсог цэцэгс, боргоцой, дун хясаа тэргүүтэн угтана. Энэхүү урланг саяхан нээсэн бөгөөд түүний арван жилээ төгссөнөөс хойших хоёр дахь урлан ажээ.
Бага наснаасаа гар урлалд хөл тавьж, содон чамин зүйлсийг тасралтгүй урласаар ирсэн нь өнөөдрийн түүнийг бүтээсэн гэнэ. Өрөөнд байх сандал ширээнээс бусдыг тэр өөрөө хийжээ. Тэрбээр гар урлалын бүхий л төрлөөр урлал хийдэг залуу уран бүтээлч юм.
Зэсэн ээмэг зүүлт, хэрэглэл гээд гар урлалын бүх төрлөөр урладаг “Наргийх” брэндийн үүсгэн байгуулагч, зэс урлаач Т.Наргиймаатай ярилцсанаа хүргэж байна.
-Анх хэрхэн эхэлж байсан бэ. Багаасаа дуртай байв уу?
-Ер нь өөрийнхөө хэрэглээний бүх зүйлийг өөрөө хийнэ гэж боддог хүүхэд байлаа. Том болоод, тусдаа гарсан ч гэрийнхээ тавилгыг өөрөө хийнэ гэж төсөөлдөг байсан. Ээжийнхээ хувцсыг танаж оёод, өөртөө хувцас хийчихдэг хүүхэд байлаа шүү дээ. Багаасаа биеэ дааж шийдвэр гаргах, өөрийнхөө чадах зүйлийг бусдын оролцоогүй хийх зэрэгт аав, ээж маань сургасан юм байна гэж ойлгодог. Гэр бүлийн асуудалд заавал миний саналыг сонсдог, дуртай зүйлийг маань хориглохгүй хийлгэдэг гэх мэт. Энэ бүхэн надад бодсон зүйлээ хийхдээ зоригтой байх ёстой, өөрөө шийдэх ёстой гэдэг ухамсар суулгасан байх.
-Зэс урлалаар яг хэзээнээс хичээллэж, сонирхох болсон юм бэ?
-Анх яг ийм зэс урлаач эмэгтэйн бүтээлийг харсан. Очиж сонирхоод, өөртөө худалдаж аваад, хэрэглэж үзээд, маш их таалагдсан. Би бугуйвч, зүүлт зэрэгт дуртай л даа. Тэгээд ер нь нэг л өөрөө хийчихэж болмоор ч юм шиг санагдсан. Оролдож үзмээр хүсэл миний дотор байсан л даа. Удалгүй хэдэн ширхэг жижиг бахь болон зэс утас худалдаж аваад, хийж эхэлсэн. Мэдээж тэр бүхэн надад маш их таалагдсан. Өөрийнхөө гараар хийж болох зүйл бол дуусашгүй юм шиг л санагдсан. Тиймдээ ч анх өөртөө зориулж арьсан гутал, арьсан цүнх, цамц, хувцас, цаг, зүүлт гээд маш олон зүйлс хийсэн.
-Таны анхны урлан хэрхэн бий болж байв?
-Анхны урлан маань илүү хувь уран бүтээл туурвих орон зай байсан. Өөрийнхөө зүйлийг өөрөө хийж байгаа сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд урлангийнхаа бүх л зүйлийг гараараа хийж байлаа. Ханыг нь будаж, дээр нь зураг зураад, жижиг тавилгууд, хайрцаг сав зэргийг ч хийсэн. Гэр бүлийнхнээрээ нэг ч зүйл худалдаж авххуулахгүйгээр бүтээсэн гэж болно. Аав, ээж маань авч өгөх байсан ч би авахуулахгүй гэж боддог юм. 
Аав маань хааяа энд тэндээс тавилга, сандал ширээ бариад ирнэ шүү дээ. Наргий энэ хэрэг болох уу, чи яамаар байна. Хэрэгтэй юу гээд л (инээв). Одоо тэнд буй сүлжмэл сандал гэхэд сараалжин төмөр биеийг нь л авчирч өгсөн. Зуун айлаас материалыг аваад, өөрөө сүлжиж бүтэн болгож байсан жишээтэй. 
Харин та бидний ярилцаж байгаа хоёр дахь урлангаа хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар бий болгосон. Нэг үгээр бол универсаль урлан гэж болно (инээв). Олон төрлийн урлагийн үйлчилгээ, workshop хийж болно, кофе ууж, хайртай хүнтэйгээ болзож болно. Хүсвэл хоол ч хийж өгдөг. Одоогоор тогоочийн хувиар л ажиллаад байх шиг байна даа (инээв).
Хамгийн гол нь гар урлалын бүхий л төрлийн бүтээл туурвих боломжтой. Мөн тогтмол “canvas art” үйлчилгээнд хамрагдаж болно. Ийм орчин, урлагийн хүртээмж, мэдрэмжийн хэрэгцээ цаг ямагт байсаар л ирсэн. 
-Анх эхлэхэд саад бэрхшээл тулгарч байсан уу. Тэр болгоныг хэрхэн туулж байсан бэ?
-Анхны урлангаа 19 насныхаа босгон дээр нээж байсан. 16 наснаасаа эхлээд, санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат бус болсон. Санхүүгийн хувьд хараат бус байсан болохоор анхны бизнесээ эхлүүлэх хүртэл хүндрэлтэй зүйл бараг байгаагүй.
Миний хувьд ямар нэг саад бэрхшээл тулгарах үед жаргалтайгаар хүлээж авдаг. Ер нь дуртай зүйлээ хийж байгаа болохоор алдсан ч гутардаггүй. Бараг хурдхан шиг саад таараад, даваад гарчихвал амар шүү дээ. Тийм болоод ч тэр үү надад ажил, амралтын өдрийн ялгаа гэж байдаггүй. Бүх өдөр амралтын өдөр шиг, заримдаа долоо хоног тэр чигтээ ажлын өдөр шиг санагддаг.
Бас дуртай зүйлээ мөнгө гэж хардаггүй. Ашигтай ч байсан, ашиггүй ч байсан үүнийг би хийсээр л ирсэн. Үр дүн нь чамд аз жаргалыг мэдрүүлж байна уу гэдэг л чухал.
Угаасаа эрсдэлгүй зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ амжилт хэзээ нэг өдөр чамайг угтаж л таарна. Тиймээс ямар нэг зүйл эхлүүлээд үз, хийгээд үз. Мэдээж ямар нэг алдаа гарна, давтахгүй байх хэрэгтэй. Бага багаар урагшилсаар байх хэрэгтэй. Тийм ч учраас би одоогийн энэ байр суурьд ирсэн. Энэ бүх зүйлдээ сэтгэл ханамж дүүрэн байдаг. Мөн брэнд болгоно гэх зорилгоор эхлүүлээгүй ч олон мянган хэрэглэгчтэй болсондоо талархдаг.
-Зураг, гар урлал гээд ер нь хүний тархийг их сайн амраадаг байх. Танайхаар үйлчлүүлдэг хүмүүс ихэвчлэн гар урлалаас бусад шалтгаанаар ирдэг байх гэж бодож байна. Энэ талаар?
-Нийгэмд хаа сайгүй стресс бий. Гэтэл хоёр цаг зураг зураад суухад юун тэр ажил. Зурж буй зургаа гоё болгох юмсан гэж бодогддог. Тэгээд яавал гоё болох вэ, яавал дээр вэ гэж бодсоор байгаад нэг сайхан бүтээл төрөх тохиолдол ч бий.
Энэ өвөлжин Тэрэлжид “Ulaanbaatar wine art”-тай хамтарч “canvas art”-ын өдөрлөг зохиосон. Уг арга хэмжээнд ирэх хүмүүсийн тоо долоо хоног бүр нэмэгдсэн. Өмнө үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид дахиж ирэх тохиолдол их байсан. Үүнээс зураг зурснаар хүн стрессээ тайлж байгаа юм байна гэдгийг ажигласан.
Зургийн зураас бүрийг тавьж байхад хүн тархиа амрааж, бясалгаж байдаг. Урландаа хүмүүсийн зургуудыг харахад яг тухайн мөчийн мэдрэмжүүд мэдрэгддэг. Би ч мөн одоогийн бий болгосон өөрийнхөө бүх зүйлээс тухайн үеийнхээ сайхан дурсамжийг мэдэрч чаддаг. Анх хийж байсан арьсан гутлаасаа ч юм уу, жижигхэн ч хамаагүй зурсан зургаасаа анзаарч чаддаг. Энэ нь надад маш их сэтгэл ханамж өгдөг дөө.
-Таны хамгийн хайртай бүтээл юу вэ?
-Эмээгээ тэврээд зогсож буй зурагтаа их хайртай. Надад эмээтэйгээ авахуулсан зураг ерөөсөө байдаггүйг анзаарсан. Бурхан болсных нь дараа яагаад хамтдаа зураг авахуулж байгаагүй юм бол гэж их харамссан. Дандаа өгдөг чихрийг нь бариад, эмээгээ миний сэтгэлд хамгийн гүн хоногшсон дээлийг нь өмссөн байдлаар зурж байсан. Хэрвээ би хамт байсан бол ингэж л гэрэл зургаа татуулах байсан гэх төсөөллөөр зурсан.

Өөрийн гараар бүтээсэн зүйлээсээ сайн сайхан бүхнийг мэдэрнэ гэдэг бол гайхалтай зүйл.

ЗАЛУУС ӨӨРСДИЙГӨӨ ДУТУУ ҮНЭЛДЭГ ЮМ ШИГ САНАГДДАГ
-Таны хувьд бүх зүйлийг өөрийнхөө сэтгэл зүйгээр, бодол санаагаар даван туулж яваа залуу хүн. Харин манай залуусын тодорхой нэг хэсэг нь амжилттай яваад, ихэнх нь өнөөх нийгмийнхээ бусад асуудалд уусчихсан харагддаг. Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Эхлүүлсэн уран бүтээл, бизнес нь ялгарах онцлоггүй байвал яах вэ гэх айдас байгаа нь ажиглагддаг. Ер нь баригдмал, айдастай байна гэсэн үг шүү дээ.
Угаасаа эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Дээр би хэлсэн. Бага багаар урагшилсаар байх хэрэгтэй. Магадгүй урлагаас тэс хөндлөн мэргэжилтэй байж болно. Гэхдээ хүн болгонд ямар нэг зүйл хийх юмсан гэх хүсэл байдаг. Тиймээс түүнийгээ зүгээр л өөрийгөө жаргалтай байлгахын төлөө хийгээд үз. Магадгүй асар том боломж байх ч юм билүү.
-Тэгэлгүй яах вэ. Ярилцлагынхаа төгсгөлийн хэсгийг танд үлдээж байна. Бусдадаа, залууст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Хэрвээ таны бодолд хумсны толион чинээ хийгээд үзчих юмсан гэх ямар нэг санаа бий бол алдаа гаргах вий гэж айлгүйгээр эхлүүлээд үзээрэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл дуртай зүйлээ хийж байгаа болохоор ядарсан ч жаргалтайгаар ядарна гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Бид ярилцаж дуусаад түүний урланг сонирхлоо. Түүнд гар урлалаас гадна эртний эдлэлийн цуглуулга байдаг аж. Зоос болон товч. Цуглуулгын том наборт хийсэн зоос нь бүр Хүннүгийн үеийн олдвороос эхэлнэ. Бага наснаасаа эхлэн будын урлангаар зочилж, урчуудтай танилцаж, тэдний арга ажиллагаанаас суралцаж явахдаа солилцож, худалдаж авсан аж. 
Мөн өөрийн хийхээр төлөвлөсөн захиалгын бэлдцүүд, дараагийн бүтээлийн загвар гэх мэт маш олон зүйлтэй танилцлаа. Өөрийн амьдрах, ажиллах орчныг өөрийн гараар бүтээж буй түүний урланд буй бүхнээс сэтгэл, хөдөлмөр үнэртэнэ. Залууст эрч хүч, урам хайрласан түүний ярианаас зориг, тууштай зангийн хариуд амжилт заавал ирдэг гэдгийг мэдрэв. Үүнийг ч бас залуус мэдрээсэй гэж хүснэ. 
   
А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу