Олон улсын Олимпын хорооны 142 дугаар чуулган өчигдөр (2024.07.24) болж, 2030 оны ба 2034 оны Өвлийн Олимпын тоглолтуудыг зохион байгуулах хотуудыг зарлав.

Франц улс 2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах улсаар сонгогджээ. Олимпын ба Паралимпын тоглолтууд Францын Альпын нуруунд болох юм байна.

Францыг дэмжиж 84 гишүүн саналаа өгч, дөрвөн гишүүн эсрэг санал өгчээ. Францын тал ойрын үед ОУОХ-нд санхүүгийн баталгаагаа гаргаж өгөх аж. Тодруулбал, Францын тал Ерөнхий сайдын гарын үсэг бүхий баталгааг аравдугаар сарын 1 гэхэд гаргаж, 2025 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө парламентаар соёрхон батлуулах ёстой юм байна.

АНУ-ын Юта муж улсын хамгийн том хот болох Солт-Лейк-Сити 2034 оны өвлийн Олимпын ба Паралимпын тоглолтуудыг зохион байгуулахаар болжээ.

Санал хураалтад оролцсон ОУОХ-ны 95 гишүүнээс 83 нь тус хотын өргөдлийг дэмжсэн бол зургаан хүн татгалзаж, зургаан хүн түдгэлзсэн байна. Солт-Лейкийн өвлийн Олимпын тоглолт 2034 оны хоёрдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд болох юм байна. Тус хот 2002 онд өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулж байсан туршлагатай аж.

ОУОХ-ны ээлжит чуулганы үеэр тус хот танилцуулгадаа тэмцээнд оролцож буй бүх тамирчны гэр бүлийнхэнд зориулан тусад нь Олимпын тосгон байгуулна гэж дурджээ.

Мөн ОУОХ-ны чуулганаас Олимпын киберспортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд эхний тоглолт 2025 онд Саудын Араб улсад болох юм байна.

Олон улсын Олимпын хороо өнгөрсөн оны аравдугаар сард 2030, 2034 оны өвлийн Олимпын наадмуудыг зохион байгуулах хотуудыг 2024 оны зун нэгэн зэрэг сонгох шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: PARIS 2024 OLYMPICS, OLYMPTEKA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу