Голомт банкны Гүйцэтгэх захирлаар 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Амарзаяагийн Одонбаатар томилогдож, Норихико Като захирлын халааг авчээ.

А.Одонбаатар банк санхүүгийн салбарт 15 жил ажиллаж буй бөгөөд 2008-2014 онд Голомт банкны Дотоод аудитын газарт аудитор, 2014-2015 онд Зайсан Скүэр салбарын захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал, 2016-2023 онд Аудит хариуцсан захирал, 2023 оноос Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажилласан туршлагатай банкир юм.

Түүнчлэн Олон улсын дотоод аудиторуудын институт (IIA)-ын Монгол дахь салбар, Монголын банкны холбоо, Мэдээллийн системийн аудит хяналтын холбоо (ISACA)-нд удирдах албан тушаал хашиж байсан тэрээр Монгол Улсын Дотоод аудитын салбарт шинэ стандартыг бий болгоход хувь нэмрээ оруулжээ.

А.Одонбаатар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны менежментээр бакалавр зэрэг, БНЭУ-ын Bangalore их сургуулийг Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын магистр зэрэг тус тус хамгаалсан. Мөн Тайланд дахь IFC IA магистрын хөтөлбөр, Харвардын Менежментийн ментор хөтөлбөр, PwC Академи зэрэг олон улсын сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж, мэргэжлийн хувьд тасралтгүй өсөж хөгжсөөр ирсэн байна.

2021 онд Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт, Ёс зүйн кодтой бүрэн нийцсэн” гэх үнэлгээ авч, Монголын банк санхүү болон Дотоод аудитын салбарын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эргүүлэхэд А.Одонбаатар захирлын мэдлэг, ур чадвар ихээхэн үүрэг гүйцэтгэжэ.

Тэрбээр Гүйцэтгэх захирлын орлогчийн албыг хаших хугацаандаа банкны бизнесийн бүх салбарыг хариуцан ажиллаж байсан бөгөөд арав гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээж, анх удаа олон улсын зах зээл дээр бие даан ам.долларын бондыг амжилттай гаргахад гар бие манлайлан оролцжээ.

А.Одонбаатарын банк, санхүүгийн салбарт ажилласан арвин их туршлага, мэдлэг чадвар, удирдах арга барил нь Голомт банкийг амжилтын шинэ өндөрлөгт хөтөлнө гэдэгт Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөл итгэл дүүрэн байгаа аж.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу