Гаеми хар салхи Тайванийг дайран өнгөрч, аадар бороо цутгаж, салхины хүч сэрүүсч, их хэмжээний үер болсны улмаас гурван хүний амь хохирчээ.

Филиппиний эрх баригчид Манилагийн буланд 1.4 сая литр газрын тос тээвэрлэж явсан цистерн хөмөрсний улмаас асгарч буй газрын тосыг зогсоохыг чармайж байгаа аж. “МТ Терра Нова” онгоц Пүрэв гаргийн үүрээр Батан мужийн Лимай хотын эргээс 7 км-ын зайд Илойло хотыг чиглэж яваад, хар салхины улмаас живжээ.

Хөлөг онгоцны багийн 17 гишүүний нэг нь сураггүй алга болсон бөгөөд эргийн хамгаалалтын төлөөлөгчийн хэлснээр, тэд хэдэн км үргэлжилсэн газрын тосны асгаралтыг зогсоохын тулд “цаг хугацаатай уралдан ажиллаж” буй аж.

Хэвлэлийн төлөөлөгч, контр-адмирал Армандо Балило “Хэрэв бүх газрын тос урсвал энэ нь Филиппиний түүхэнд хамгийн их газрын тос асгарсан тохиолдол болж, нийслэл Манилагийн эрэгт аюул учруулна” гэж мэдэгджээ.

Орон нутгийн эрх баригчид цистерн хөмөрснийг Лхагва гарагт тус нутгаар дайран өнгөрсөн далайн хар салхи, аадар бороотой шууд холбоогүй ч “ойролцоох усанд цаг агаарын таагүй байдал ийм нөхцөл байдал үүсгэсэн эсэх”-ийг судалж байгаа аж.

Үүний зэрэгцээ Тайваний зүүн өмнөд нутагт, далайн эрэгт Мьянмарын багийн есөн гишүүн осолдсон бөгөөд далайн шуурганы улмаас эрэн хайх, аврах ажиллагаанд саад учирч буй юм байна. Пүрэв гаргийн өглөөний 06.30 цагийн орчимд завь живж байна гэсэн ослын дуудлага иржээ.

Мөн далайн шуурганы улмаас өөр гурван хөлөг онгоц осолдсон байна. Индонезийн далбаатай “Ириана” нэртэй хөлөг онгоцны жолоодлогыг засварлаж, зангууг өргөснөөс хойш удалгүй Пинтунг хотод живжээ. Эрх баригчид “Багийн 20 гишүүн бүгд аюулгүй, газрын тос гоожих эрсдэлгүй” гэж мэдэгдсэн байна.

Португалийн далбаатай “Сопфиа” хөлөг онгоц Тайнань эргийн ойролцоо, харин Монголын далбаатай “Басиа” мөн Пинтунг хотод тус тус живсэн байна.

Тайванийн цаг уурын товчооноос “Пүрэв гарагт орон нутгийн цагаар шөнийн 00.00 цагийн орчимд Тайванийн зүүн хэсгийн Йилан мужийг хүчтэй хар салхи дайрсан” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу