УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо.
Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, түүнчлэн хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах, жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх, сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлжээ.