Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны Сахилгын хорооноос Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багт “сахилгын дүрэм зөрчсөн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ФИФА-гийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Тус холбооны мөрдөн байцаалтын ажиллагаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Беверли Пристманд ч мөн хамаатай аж.

Өнгөрсөн Даваа гарагт цагдаа нар Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн бэлтгэлийн зургийг хийж байсан канад эрийг баривчилжээ. Үүний дараа ахлах дасгалжуулагч Пристман тоглолтыг өнжихөө мэдэгдсэн байна.

Канадын “CBC суваг”-аас өнгөрсөн Лхагва гарагт мэдээлснээр, Канадын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн хоёр гишүүн Шинэ Зеландын Олимпын хороонд тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон тул Парисын олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, туслах дасгалжуулагч Жасмин Мандер, шигшээ багийн шинжээч Жозеф Ломбарди нарыг нутаг буцаасан байна.

Шинэ Зеландын Олимпын хорооноос өмнө нь Сент-Этьен дэх багийн бэлтгэлийн бааз орчимд нисгэгчгүй онгоц харагдсан талаар Олон улсын олимпын хорооны Шударга байдлын хэлтэст албан ёсоор гомдол гаргаж, Канад улсаас мөрдөн байцаалт явуулахыг хүсчээ.

Олимпын наадмын Канад, Шинэ Зеландын тоглолт долдугаар сарын 25-нд болох бөгөөд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхлэх аж.

Эх сурвалж: TASS, RBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу