Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулж буй Европ тивийн ноён оргил Эльбрус уулын олон улсын цэргийн авиралтын нээлтийн ажиллагааг долдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, ОХУ-ын баатар, хурандаа генерал Юнус-Бек Баматгиреевич Евкуров үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэхүү чухал арга хэмжээнд 14 орны цэргийн алба хаагчид, тамирчид оролцож байгаа нь найрсаг уур амьсгалыг харуулж байна гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон байна.

Мөн уг арга хэмжээнд Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Казбек Коков, Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын Спортын сайд Ислам Хасанов, ОХУ-ын Батлан хамгаалахын Биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа Андрей Зыков, Олон улсын Цэргийн спортын авиралтын зөвлөлийн техникийн комиссын ерөнхийлөгч, ЦСКА-ийн дарга, хурандаа Артем Громов нар оролцжээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлснээр, энэхүү уулын авиралтад Монгол, ОХУ, Оман, Киргиз, Иордан, Эквадор, Афганистан, Намбия, Ирак, Иран, Армени, Зимбабве, Энэтхэг, Бразил зэрэг 14 улсын 45 цэргийн алба хаагч оролцож буй юм байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмын нээлтийн өмнө буюу долдугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд ОХУ-д уг уулын оргилын авиралт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь 2022, 2023 онд Иран улсад зохион байгуулжээ.

Цаашид уламжлал болгон бүх тив, улс орнуудад зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол нь олон улсын уулын цэргийн алба хаагчид туршлага солилцож, чадавхиа нэмэгдүүлэн, найрсаг харилцааг тогтооход оршиж байгаа аж.

Тус авиралтад Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Тусгай хүчний цэргийн командлалаас хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар оролцож буй юм байна.

Багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр Африк тивийн ноён оргил Килиманжаро, Баруун Европын ноён оргил Монт Бланк ууланд авирч байсан туршлагатай цэргийн алба хаагч юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу