АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис есдүгээр сарын 10-нд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, өрсөлдөгч Дональд Трамптай халз мэтгэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь шатны мэтгэлцээн ирэх есдүгээр сарын 10-нд “ABC” сувгаар явагдах ёстой. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден түүнд оролцох байсан ч өрсөлдөөнөөс гарахаар шийдсэн. Үүнтэй холбогдуулан Трампын баг “Ардчилсан нам нэр дэвшигчээ өөрчилсөн тул “ABC” телевизийн мэтгэлцээнд оролцоно гэж тодорхой амалж чадахгүй байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Бүгд найрамдах намынханд ойр байдаг “Fox News” суваг нэр дэвшигчдэд ирэх есдүгээр сарын 17-нд өөрсдийн сайтаар мэтгэлцэхийг санал болгожээ.

Өмнө нь Пүрэв гарагт Трампын ахлах зөвлөх Жейсон Миллер “Axios”-т халз мэтгэлцээн магадгүй хэд хэдэн удаа болно гэж хэлсэн ч Бүгд найрамдахчууд телевизийн платформыг өөрчлөхийг хүсч байгаа аж.

КАМАЛА ХАРРИС ДОНАЛЬД ТРАМПААС НЭР ХҮНД ИЛҮҮ БАЙНА

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампаас нэр хүндийн хувьд илүү байгааг “Reuters” агентлаг, социологийн судалгааны “Ipsos” албанаас хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулсан.

АНУ-ын насанд хүрсэн 1241 иргэн оролцсон уг санал асуулгын дүнгээр Харрисыг дэмжиж буй хүмүүсийн тоо Трампыг дэмжигчдийнхээс 2 пунктээр илүү буюу 44:42 гэсэн хувийн харьцаатай байв.

Уг асуулгыг Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа буюу энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явуулсан. Өнгөрсөн зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээр дээрх харьцаа 44:44 хувь байсан бол долдугаар сарын 1, 2-нд явуулсан санал асуулгаар Трамп 1 пунктээр илүүрхжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис гэж хэн бэ?

КАМАЛА ХАРРИС – АЗИ ГАРАЛТАЙ, ӨНГӨТ АРЬСТ АНХНЫ УЛСТӨРЧ

Жозеф Байден Ерөнхийлөгчөөр сонгогдож, анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис тодорсон. Тэр энэ албан тушаалыг хашиж буй Ази гаралтай, өнгөт арьст анхны улс төрч болсон.

Гарал

Камала Харрис 1964 оны аравдугаар сарын 20-ны өдөр Калифорнид төрсөн. Түүний эцэг, эх цагаачид байсан бөгөөд ээж нь Энэтхэгээс гаралтай, шинжлэх ухааны зүтгэлтэн Шьямала Гопалан, аав Дональд Харрис нь Ямайкаас гаралтай, эдийн засгийн профессор. Камала Говардын их сургуулийг төгсөж, дараа нь эрх зүйч мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ.

Карьер

Камала мэргэжил эзэмшсэнээсээ хойш эрх зүйн салбарт ажилласан бөгөөд прокурорын туслах байжээ. 2003 онд Сан-Францискогийн тойргийн прокуророор сонгогдож, 2011 он хүртэл энэ албаа хашсан байна. Дараа нь Калифорнийн Ерөнхий прокуророор сонгогдож, 2017 он хүртэл хоёронтоо улиран сонгогджээ.

Улмаар 2017 онд Калифорни мужаас АНУ-ын Сенатад сонгогдсон анхны өнгөт арьст гишүүн болжээ. Түүнийг ажиллаж эхэлсэн эхний жилд л “Ардчилсан намын мандаж буй од” хэмээн нэрлэх болсон бөгөөд ирэх сонгуульд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болзошгүй гэлцэж байв.

Шүүмжлэл

Прокурорын газарт ажиллаж байх үедээ тэрбээр олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байж. Тухайлбал, Камала Харрисыг хүний аминд хүрсэн цагдаагийн алба хаагчид цаазын ял оноохоос татгалзсаныг иргэд шүүмжилж, мөн түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр мөрдөн шалгахыг шаардаж байсан боловч ажилд нь зөрчил илрээгүй байна.

Камала Харрис Ерөнхий прокуророор ажиллаж байхад зарим шүүгчид прокурорууд цагдаагийнхны протоколд хуурамч мэдүүлэг оруулж, чухал баримтуудыг нуун дарагдуулсан хэмээн эсэргүүцэл үзүүлж байжээ.

2019 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрмэлзэлд нь садаа болсон бусад шуугианууд ч гарч байсан бөгөөд эцсийн дүнд Камала Ерөнхийлөгчид нэр дэвшилгүй, Жо Байденыг дэмжихээр шийдсэн байна. Түүний гадаад бодлогын үндсэн зарчмууд Жо Байдены үзэлтэй ихээхэн нийцдэг ажээ.

ЛГБТ-г дэмжигч 

Харрис ижил хүйстний гэрлэлтийг хуульчлахыг дэмждэг байна. Тухайлбал, Калифорни мужийн ижил хүйстний гэрлэлтийг хориглосон хуулийг тэрбээр дэмжээгүй бөгөөд трансжендер (лесби, гей, бисексуал, трансжендер)-үүд нийтийн ариун цэврийн газрыг өөрсдийн сонголтоор ашиглах эрхийг дэмжиж байжээ.

Тэрбээр хорих газруудад хүйсээ өөрчлөх мэс засалд орохыг эсэргүүцдэг. Мөн Камала Харрис Сан-Францискогийн прокурор байхдаа үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргээс ЛГБТ-г хамгаалсан тусгай хэлтсийг байгуулжээ.

Марихуаныг дэмжигч 

Камала Харрис болон Жо Байден нар олон асуудал дээр санал нэгддэгийн нэг нь марихуаныг хуульчлах аж. Жо Байден марихуаныг хүлээн зөвшөөрөхийг уриалахад Харрис ч мөн марихуаныг хуульчлахын төлөө зогсдогоо илэрхийлж байжээ.

Тэрбээр мэдэгдэл хийх үеэрээ марихуан хар тамхи биш гэдгийг хүлээн зөвшөөрөхийг олон нийтэд хандан уриалж байсан аж. Түүнчлэн сенатч байхдаа каннабисыг холбооны түвшинд хуульчлахыг дэмждэг байжээ.

Улс төрийн үзэл баримтлал 

Гадаад бодлого дээр Харрисын үндсэн зарчмууд Жо Байдены үзэл баримтлалтай ихээхэн нийцдэг. Тэрбээр АНУ-ын гадаад бодлогын чухал хэсэг нь хүний эрхийг хамгаалах сэдэв байх ёстой гэж үздэг байна.

Камала Харрис Орос зэрэг хэд хэдэн улс орнуудын удирдлагын дэглэмд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Орос, Хятад, Иранаас “Америкийн технологийг хамгаалах”-ын төлөө зогсдог байна.

Эх сурвалж: REUTERS, RIA NOVOSTI
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Дахиад чамтай мэтгэлцэх гээд явж байна гэж ч юу байхав дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу