Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр өнөөдөр математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагч оролцож, Монгол Улсын багийн 6 сурагч медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан билээ.

Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагч оролцож, Монгол Улсын багийн 4 сурагч өрсөлдөж, 2 хүрэл медаль хүртсэн. Олимпиадын даалгавар онолын болон практик хэсгээс бүрдсэн байна.

Салбарын сайд практик дадлагын тоног, төхөөрөмжийн хангамжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцлов.

П.Наранбаяр сайд “Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэе, та бүхнээр бахархаж байна” гэв. Тэрбээр сурагчдад “Мөрөөдлөө нээлттэй илэрхийлж, мөрөөдөлдөө тэмүүлж яваарай” гээд “Мөрөөдөл нь зорилго, зорилго нь амжилт болдог” гэж захив.

Цаашид олон улсын олимпиадад оролцогчид болон биологийн лабораторийн сургалтыг тууштай дэмжихээ амлалаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсоор “Олон улсын математикийн олимпиадын хороо”-нд 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлэх, мөн биологийн олон улсын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу