“Оюу толгой” ХХК-ийн ажилчдын төлөөлөл үндсэн 4000 ажилтан, тэдний гэр бүлийн 20000 хүний эрх ашгийн төлөө өчигдөр (2024.07.25) жагсаал хийсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хоёр талын байр суурийг нэгтгэн хүргэж байна.

“НЭГ ГАДААД АЖИЛТАН 20-25 МОНГОЛ АЖИЛЧНЫ ЦАЛИНГ АВЧ БАЙНА”

АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ: -“Оюу толгой” компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан шийдвэр гаргасан. Иймд хууль зөрчиж, ажилчдын цалинг багасгаж буй явдалд шинээр хороо байгуулаад, дуу хоолойгоо нэгтгэн, тайван жагсаал зохион байгуулж байна.

Бид “Оюу толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт хүргүүлсэн. Дээрх хүсэлтдээ цалингийн бууралт, ажлын байрны айлган сүрдүүлэлт зэрэг асуудлыг тодорхой жишээтэй бичсэн.

Ажилчдаас цалин буурсантай холбоотойгоор хүсэлтүүд ирсэн. Түүний үндсэн дээр ажил олгогчдод хугацаатай шаардлагууд тавьсан ч хариу өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулсан юм. Үүнээс үүдэж ажил хаялтад оролцсон ажилчдыг хууль бус ажил хаялтад оролцсон гэж мэдүүлэг авч, айлган сүрдүүлж байгаа нь чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл.

Түүнчлэн шинээр ажилд орсон ажилтныг туршилтын хугацаандаа тус ажил хаялтад орсон гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан асуудал гарсан. Тухайн ажилтан ажиллаж байх хугацаандаа ямар ч зөрчил гаргаагүйг ахлах ажилтан нь тодорхойлсоор байсан.

Гэтэл шууд менежерийн тушаалаар “Ажилдаа тэнцэхгүй” гэж хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, “Оюу толгой”-н дотоод дүрэм журмыг зөрчиж байгаа юм. Уг асуудлаар хүний эрхийн байгууллагад гомдол гаргасан.

Мөн “Оюу толгой” компанийн 94 хувь нь монгол, 6 хувь нь гадаад ажилчид байгаа ч цалингийн зардлын 60 хувийг монгол ажилчдад, 40 хувийг гадаад ажилчид авдаг гэсэн судалгаа, баримт бий.

Мэргэжлийн хүмүүсээр тооцоо бодуулж үзэхэд, ажилчдын цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзэхэд монгол ажилчдынх нь 8 хувь, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчны цалинг авч байна.

Компани 2022 оны 12-р сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар Цалин хөлс олгох журамдаа “168 цагийг бүхэл цагаар аваад, түүнээс илүү гарсныг илүү цагаар бодно. 168 цаг дотроо ажилласан илүү цагийг 14 хоног амарч байгаадаа нөхөж амраасан гэж үзнэ” гээд заачихсан.

Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 28-нд энэ нь “хуульд нийцээгүй” гэсэн тайлбар гаргаж, “Илүү цагийг олгох нь зүйтэй. Илүү цагийн асуудлыг хамтын хэлэлцээрээр зохицуулна гээд заагаад өгчихсөн. Иймд бидний гол хүсэж байгаа зүйл бол ажил олгогчтой хамтын хэлэлцээрийг эхлүүлэх юм” гэсэн билээ.

“ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛЭХЭД ТАВИГДАЖ БУЙ ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ”

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК: –Компани ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах эрхийг дэмжиж, ямагт хүндэтгэлтэй ханддаг. Бид бүх ажилтны ашиг сонирхолд нийцсэн, сайн сайхан байдлыг нь дэмжсэн нэгдсэн шийдэлд хүрэхийн төлөө Үйлдвэрчний эвлэлийн хороодтой Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхийг хичээсээр ирсэн, одоо ч цаг алдалгүй эхлүүлэхэд бэлэн байна.

2024 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс хойш бид “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Оюу толгой” Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч нартай гурвалсан уулзалт удаа дараа хийн, шаардлагатай бүхий л дэмжлэг зохицуулалтыг хийсээр байна.

Харин “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Оюу толгой” Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороод хуулийн хүрээнд хамтын хэлэлцээг эхлүүлэхэд тавигдаж буй шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Тодруулбал, хуулийн дагуу хамтын хэлэлцээг эхлүүлэхээс өмнө үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн хэлэлцээнд орох бүрэлдэхүүнийг харилцан тохиролцох ёстой боловч өнөөг хүртэл тохиролцоонд хүрээгүй байна.

Компанийн хувьд, уг шаардлага хангагдмагц хамтын хэлэлцээг даруй эхлүүлэх боломжтой байгаа тухайгаа мэдэгдсээр байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хороод нь хоорондоо хамтран ажиллаж, хэлэлцээнд орох бүрэлдэхүүний асуудлыг үр дүнтэй, харилцан хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэн, хуульд заасны дагуу хамтын хэлэлцээг эхлүүлэхээр ажиллана гэдэгт итгэж байна.

Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу