АНУ-ын дуучин, жүжигчин, продюсер, бизнесмен Леди Гага долдугаар сарын 22-нд Парист очжээ. Түүнийг энэ сарын 26-ны Баасан гарагт эхлэх 2024 оны Зуны Олимпын нээлтийн ёслолд дуулна гэсэн мэдээлэл бий ч хараахан баталгаажаагүй байгаа аж. Шүтэн бишрэгчдийнх нь таамаглаж буйгаар, тэрбээр тус хотод бэлтгэлээ базааж байгаа бололтой.

Леди Гага долдугаар сарын 24-ний өдөр зочид буудлынхаа гадна тод улаан уруул, цагаан алт шаргал үсээ “гайхуулан”, шүтэн бишрэгчидтэйгээ зургаа авахуулжээ. Энэ үеэр тэрбээр өөрийн нэрийн хуудас болсон аваргад загвараар бус, франц бүсгүйчүүдийн хэв маягаар хувцасласан байсан аж.

Леди Гага Селинийн бүтээсэн стилетто өндөр өсгийт, хар хөх өнгийн пиджак, жинсэн өмд өмсчээ. Мөн тэрбээр үнэт эдлэл бараг зүүгээгүй байсан бөгөөд зууван нарны шил, Францын загварын шошготой жижигхэн гар цүнхээр гангарчээ.

“Haus Labs”-ын үүсгэн байгуулагчийн хувьд жинсэн хувцас өмсөх нь тун ховор аж. Тэрбээр хамгийн сүүлд 2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хар өнгийн футболка, урагдсан жинсэн өмд өмсөн, “Hold My Hand” дууны гайхалтай үзүүлбэрээ толилуулж байжээ.

Гагагийн энэ долоо хоногт Парист өмссөн хувцсууд тавдугаар сард өмссөн футурист Селва гэх мэт чамин даашинзуудтай нь харьцуулашгүй ч тансаг харагдаж байсан аж.

Тэрбээр долдугаар сарын 23-нд мөнгөлөг өнгийн хүрэм, гялгар хар өмд, дөрвөлжин гутал өмсөн, зургаа авахуулжээ. Өмнөх өдөр нь дуучин бүсгүй бейсболын малгай, том савхин хүрэм өмсөн, камеруудын өмнө инээмсэглэн зогссон байна.

Гагагийн сүүлийн үеийн хувцасны сонголтууд шинэ загварын эрин үеийг илтгэж байгаа бөгөөд эдгээр нь эгэл бөгөөд дэгжин, мөн сонгодог дүр төрхийг “агуулжээ”.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард 38 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэж, мото загвартай “Retrofête” бүстэй тренч цуваар гангарсан байна. Өнгөрсөн оны  арванхоёрдугаар сард болсон “Maestro”-гийн нээлтэд Леди Гага гялгар цамц, гоёмсог костюмтай иржээ.

Эх сурвалж: PEOPLE, W MAGAZINE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу