Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-оос өнөөдөр (2024.07.26) ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан, 21 настай иргэн О Улсын III төв эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас барсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

“ТУХАЙН ИРГЭН ШҮҮХИЙН БУС, ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР БАРИВЧЛАГДСАН”

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.УУГАНБААТАР:

-Харамсалтай мэдээ цацагдсан өдөр буюу долдугаар сарын 24-ний өглөөнөөс эхлээд ХЭҮК шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, III эмнэлэг, прокурор зэрэг байгууллагаас холбогдох мэдээлэл авч, ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажиллагаа явуулсан.

Тухайн иргэнийг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн зөвшөөрөлгүй прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчлагдсан. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд шүүхийн шийдвэрээр гурван удаа цагдан хоригдож байсан.

Хоригдох хугацаандаа буюу 2024 оны долдугаар сарын 11-нд хэвлийгээр өвдөж байна гэсэн өгүүлэмжтэйгээр тухайн хорих ангийн эмнэлэгт хандсан. Хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд, долдугаар сарын 13-нд хорих байр луу шилжсэн.

ХЭҮК-оос тухайн хорих ангийн камерын хяналтад үзлэг хийхэд долдугаар 22-ны 16:30 цаг орчимд тухайн иргэн хорих өрөөний 00-д байхдаа уналт, таталт өгч байгаа бичлэг авагдсан. Анхны тусламжийг хамт хоригдож байсан иргэн үзүүлээд, 1 минут 20 секундын дараа ШШГЕГ-ын албан хаагч анхны тусламжийг үргэлжлүүлэн хийж байгаа дүр зураг байна.

17:25 цагт Яаралтай тусламжийн эмч тусламж үзүүлсэн, 18:23 цагт Улсын III эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт хүргэгдэн очсоноос хойш 23 цагийн туршид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд амь насаа алдсан харамсалтай нөхцөл байдал урьдчилан тогтоогдож байна.

Тухайн иргэний цагдан хоригдож байхдаа хүлээж авсан тэмдэглэл, эргэлт уулзалт, эмчилгээ авсан бүртгэл, хамт хоригдож байсан иргэд зэргээс авсан мэдээлэлд тулгуурлаад шалгах ажиллагааг хийж байна.

Илүү нарийвчилсан мэдээлэл, мөн мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор хохирогчийн өмгөөлөгч болон ар гэр, эмчилгээ хийж байсан эмнэлгийн удирдлагаас мэдээлэл авна.

Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага, АТГ-т эрүүдэн шүүгдсэн асуудлаар хандсан энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулж байна.

Шалгах ажиллагааны хүрээнд тухайн иргэнийг хуяглан хүргэлтээр ШШГЕ-аас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэсэн. Эмчилгээний туршид хянаж байсан шүүхийн шийдвэрийн хоёр ажилтан албан хаагч байгаа. Энэ ажилтан албан хаагчтай бид өчигдөр хяналт шалгалтын хүрээнд уулзсан.

Албан хаагчид хохирогчийн гар, хөлд 50 минутын турш гав хэрэглэсэн гэсэн тайлбар өгсөн. Бид эмнэлэгийн байгууллага, бусад холбогдох эх сурвалжаас энэ асуудлыг бататгах шаардлагатай.

Урьдчилсан байдлаар, ШШГЕГ-аас өгсөн мэдээллээр, тодорхой хугацаанд гав хэрэглэсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг “Тухайн иргэн өөрийнхөө амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдалд байсан учраас гав хэрэглэсэн” гэсэн тайлбар өгсөн.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу