Дэлхийн хар тамхины бүлэглэлийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг, Мексикийн “Синалоа” картелийн удирдагч Исмаэль “Эль Майо” Замбадаг АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон Техас мужийн Эль Пасо хотоос баривчилжээ. Энэ нь АНУ-ын эрх баригчид томоохон эргэлт хийж, Мексикийн эрүүгийн орчныг өөрчилж магадгүй аж.

Замбада Мексикийн түүхэн дэх хамгийн зартай гэмт хэрэгтнүүдийн нэг бөгөөд 2017 онд АНУ-д шилжүүлэн өгч, чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих ял эдэлж байгаа Эль Чапотой хамтран “Синалоа” картелийг үүсгэн байгуулжээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас “Гузманы хүү Хоакин Гузман Лопесыг өнгөрсөн Пүрэв гарагт Замбадагийн хамт баривчилсан” гэж мэдэгдсэн байна. 70 настай гэж таамаглаж буй Замбада, 30 настай Гузман Лопез нарыг “Эль Пасо” бүсэд хувийн онгоцоор газардсаны дараа саатуулсан гэж Америкийн албаны хоёр хүн “Reuters” агентлагт мэдээлжээ.

Тус улсын прокурорууд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын опиоидын хямралд буруутгагдаж байсан Замбадаг героиноос илүү хүчтэй хар тамхи болох фентанил үйлдвэрлэсэн хэрэгт буруутгасан байна.

Гусман Лопез нь Лос Чапитос буюу Бяцхан Чапос гэгддэг Эль Чапогийн дөрвөн хүүгийн нэг бөгөөд “Синалоа” картель дэх эцгийнхээ фракцыг өвлөн авчээ. Түүний ах Овидио Гузманыг өнгөрсөн онд баривчилж, АНУ-д шилжүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд “Синалоа” картел АНУ-ын эрх баригчдын хамгийн том “бай” болж буй бөгөөд тэднийг АНУ дахь фентанилын хамгийн том нийлүүлэгч гэж буруутгаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарландын мэдэгдсэнээр, “Фентанил нь үхэл тээгч хамгийн аюултай бодис бөгөөд манай иргэдийг энэ бодисоор хордуулж буй хар тамхины картелийн толгойлогч, гишүүн, хамсаатан нэг бүрийг хариуцлагад татахаас нааш бидний санаа амрахгүй” гэж мэдэгдэж байжээ.

АНУ-ын Төрийн Департаментаас мэдээлснээр, Замбада Мексикт хуулийн дагуу хэд хэдэн үйлдвэрлэл үйлчилгээний газар, тэдгээрийн дотор сүүний ферм, автобусны компани, зочид буудал зэргийг эзэмшдэг аж.

Фентанилыг худалдан борлуулснаас гадна хүний амь хөнөөсөн, хүмүүсийг хулгайлсан, мөнгө угаасан, зохион байгуулалттайгаар гэмт хэргүүд үйлдсэн зэрэгт түүнийг буруутгажээ.

Тэрбээр хэдэн арван жилийн турш Америкийн эрх баригчдаас нуугдан зугтсаар ирсэн бөгөөд энэ удаад Техаст өөрөө нисэж ирсэн бололтой.

Эх сурвалж: BBC, REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу