“The Guardian” мэдээллийн сайтад нийтлэгдсэн, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын “Зариг” мэдээллийн сайтын ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэг тав гаруй жилийн хорих ялаар шийтгэгдээд байна. Шүүх хурал болохоос өмнө гэрийн хорионд байхдаа Н.Өнөрцэцэг хэвлэлийн эрх чөлөөг боомилох хөдөлгөөний гол хохирогч болж байгаагаа тайлбарлаж ярьсан юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Цагдаа нар манай мэдээний редакцийн гадаа олноороо ирэхэд би ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. Манай сайтыг хааж, би ажилчид, сэтгүүлчидтэйгээ хамт талбай дээр Төрийн ордны өмнө жагсаал хүртэл хийсэн. Удалгүй нэг эх сурвалж маань надад “Чамайг дуугүй болгох гэж байна” гэж хэлсэн юм. Дуугүй болгох гэдэг нь шорон гэсэн үг гэдгийг би тэр үед мэдээгүй.

Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан. Манай улс ардчилсан шилжилт хийгээд удаагүй байхад би ажлын гараагаа эхэлсэн. Авлига газар авсан, жинхэнэ сэтгүүл зүйн соёл, хандлага тэр үед байгаагүй.

Залуу сэтгүүлч байхад, улстөрчдөөс хатуу асуулт асуудаг, байцаадаг сэтгүүлч гэж байгаагүй ээ. Харин улстөрчид сэтгүүлчдийг дуудаад, ингэж мэдээгээ бич гэж хэлдэг, тушаадаг байв. Би тийм замаар явахыг хүсээгүй.

Би улстөрчдөөс ярих дургүй асуудлыг нь асууж чадвал асуудлуудыг шийдэж, эх орон маань авлигагүй, олигархиудгүй шинээр цогцолно гэж найдаж байсан юм. Гэвч боломжгүй байлаа.

Редакцидаа хурц сэдэв хөндсөн мэдээ хийх санаагаа танилцуулах бүрт намайг боль гэдэг байв. Нэг удаа ордонд ажилладаг парламентын сэтгүүлч байхдаа нэг том улстөрч Төрийн ордонд согтуу явж байхыг хараад, редактортоо хэлсэн.

Их хурлын гишүүдийн архины хэрэглээний тухай бичье гэж хэлсэн. Гэтэл надад “Чиний бичих асуудал биш” гэж хэлсэн. Тийм учраас долоон жилийн өмнө би өөрийнхөө сайтыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зай үүсгэн байгуулахаар шийдсэн.

“Зариг” буюу зорих, зориг гэсэн утгатай сайтаа нээсэн. Амжилтад хүрсэн, нэг сая дагагчтай болсон. Гурван сая гаруй хүнтэй улсад бол том амжилт. Монголчууд хараат бус, хурц өнцөгтэй хэвлэлд дуртай, дэмжиж байгаа нь тодорхой байсан.

Хувьсгалт намын үргэлжлэл Монгол Ардын Нам илүү эрх мэдлийг төвлөрүүлэх тусам хэвлэлийнхэн бид л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, төр засгаас хариуцлага нэхэж ажиллах үүрэгтэй байлаа. Орон нутгийн засаг захиргаа, бусад төрийн байгууллагын алдаанаас болж хохирсон иргэд манайд л ханддаг.

Гурван хүүхдийн ээж, ганц бие эмэгтэй машины ослоор нас барахад эд эрхтэнийг нь гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй авсан байсныг би бичиж сурвалжилсан. Мөн эхнэр, нөхөр хоёрыг найман ишиг хулгайлсан гэж хорьж, хүүхдүүдийг нь харгалзах хүнгүй үлдээж байсан. Ядуу хүмүүсийг нь шоронд хурдан хийдэг. Гэтэл жинхэнэ гэмт хэрэгтнүүд их хуралд сууж байна.

Би авлигын нэлээн хэдэн хэргийг илчилж байсан. Нөлөө бүхий улстөрчид Хөгжлийн банкны санхүүжилтийг өөрсөддөө авсан байсан. Мөн авьяаслаг, чадвартай хүүхдүүдийг гадаадад сургах ёстой Боловролын зээлийн сангийн тэтгэлгийг дандаа улстөрчдийн хүүхдүүд авсан байсныг ил гаргаж тавьсан.

Гэхдээ өөрийгөө хэзээ ч ингээд хорих ялтай хэрэгт шалгагдаж, шударга ёсны итгэл алдарч, шүүх хурал хэзээ болох юм бол гээд хүлээгээд сууж байна гэж бодож байгаагүй.

Монголын чөлөөт хэвлэл залуу хэвээрээ байна. Магадгүй бэхжиж амжаагүй эмзэгийн дээр санхүүжилт муутай. Гэхдээ бид хөрш орнуудайгаа харьцуулбал жинхэнэ эрх чөлөөтэй. Монголчууд бид эрх чөлөөтэй өсөж төрсөн ч одоо өөрчлөгдөж байх шиг.

Монгол Ардын Намын засаглалын найман жилийн хугацаад Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө болон авлигын индексээрээ тасралтгүй уруудаж байна.

Эх сурвалж: THE GUARDIEN

1 сэтгэгдэл

  1. Хууль зүйн сайд нэртэй нэгэн ёс зүйгүй нөхрөөс сурвалжлага авах гэсэн биш нөгөө сайд чинь сэтгүүлчийн тавьсан асуултаас бултаж зугатаасныг зурагтаар харсан. Сайд хүн ямар ч хүнтэй харьцаж асуултанд хариулах үүрэгтэй. Тэгээд зогсохгүй түүний царайд нэр хүндээ олны нүдэн дээр алдсандаа хорсож ямар нэгэн хэрэг үүрүүлж шоронд хорьж санаа нь амарсан бололтой додигор бсан төрх… Иймэрхүү хүн нэр алдар хөөцөлдөж хуулийн нэр хүндийг унагасан нь саяхных…Өөрсдийнхөө дээрэнгүй, түрэмгий дүр төрхөө харуулсан зарим улс төрчид байгааг олон түмэн ярилцдаг, шүүмжилдэг. Тийм ч учраас ЖДҮ, Хөгжлийн банкны хөрөнгө… гм-ийг өөрсдөө авч түмнийг хуурч байснаа, гадаадын хөрөнгө оруулалтын зарцуулалтыг үр ашиггүй зарцуулдаг, авилга, албан тушаалын наймааны талаар сэтгүүлчид илрүүлэн олон түмэнд мэдээлдэг. Сүүлийн үед хууль, цагдаагийнхан дээдсүүдийг хамгаалж шударгаар илчилсэн хүмүүсийг шорон руу илгээдэг болчихсон бна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу