Парисын олимпын наадмын тэргүүн, дэд байрт шалгарсан тамирчдад олгох медалийн өртөг Токиогийн наадамтай харьцуулахад нэмэгджээ. Данийн “Saxo” группын тооцоолсноор, Олимпын наадмын алтан медалийн өртөг 1000 ам.долларт дөхсөн байна.

Алтан медалийн өртгийн хувьд мэдэгдэхүйц өсөлт ажиглагджээ. Аваргын алтан медалийн өртөг Токиогийн наадамд 763 ам.доллар байсан бол Парист 935 ам.доллар хүртэл, мөнгөн медалийн өртөг 415 ам.доллароос 473 ам.доллар болж тус тус өссөн байна. Харин Токиод 4.1 ам.доллар байсан хүрэл медалийн өртөг 3.9 доллар болж буурчээ.

“Saxo” группээс “Алт, мөнгөн медалийн орцын үнэ өссөн нь дэлхий даяар ногоон эрчим хүч рүү шилжиж, металлын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой” гэж тайлбарласан байна.

“Saxo Bank”-наас мэдээлснээр, Олимпын наадмын медалийн өртгийг 2023 оны 7 сарын 23-ны өдрийн түүхий эдийн зах зээлийн үнэлгээгээр тооцоход,

Алтан медаль: 935.89 ам.доллар (Алт-6 гр, мөнгө-505 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр)

Мөнгөн медаль: 473.43 ам.доллар (Мөнгө-507 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр)

Хүрэл медаль: 3.88 ам.доллар (Зэс-415.15 гр, цайр-21.85 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр) байжээ.

Алтан медалийн орцны үнэ 2012 онд 765.8 ам.доллар, 2016 онд 555.48 ам.доллар, 2021 онд 763.79 ам.доллар байсан бол энэ онд өссөн байна.

“Saxo” банкны түүхий эдийн зах зээлийн стратегич Ole Hansen металлын үнийн өсөлтийг дэлхий даяарх ногоон эрчим хүчний шилжилттэй холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу