Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ирэх долоо хоногт ил болгох талаар мэдээллээ. 

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг эрчимжүүлэх талаар мэдээлэл танилцуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 төрлийн мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгах ёстой. Үүнтэй холбогдуулаад ЦХХХЯ-наас shilen.gov.mn сайтыг Үндэсний дата төвд түшиглэн ажиллуулж байна. Үүний хүрээнд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийсэн. Яамдын тухайд 71,56 хувь, төрийн захиргаа буюу агентлагууд  51,3 хувь, нутгийн захиргааны 22 байгууллага 47,3 хувьтай үнэлэгдэж, нийт мэдээлэл хариуцагч нарын мэдээллээ ил тод байлгаж буй байдал 56,7 хувьтай байна. АТГ-тай хамтарч УИХ-аас удирдлага нь томилогддог 9 байгууллагын хүрээнд нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг хийхэд дунджаар 52 хувьтай байна гэж үнэлсэн.  

Ирэх долоо хоногоос shilen.gov.mn нэгдсэн мэдээллийн сайтаар нийт мэдээлэл хариуцагч байгууллагуудын жагсаалтыг гарган өнгөөр нь ялгаж, тодорхой байр эзлүүлэн долоо хоног бүрийн Засгийн газарт мэдээлэл хүргэнэ. 

Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан даалгаврыг гаргасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж, машин унших форматаар бэлтгэн надад ирүүлэхийг БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, зарим агентлагийн дарга, аймгийн удирдлагуудад даалгавар өгсөн.

Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудтай холбогдуулаад Хөдөө аж ахуйн санг олон нийтэд нээлттэй болгоно. Ингэснээр сэтгүүлчид болон иргэд үнэлэлт, дүгнэлт хийж,  “Шүгэл үлээх” боломжтой болж байна.

Гэхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, ажиллаж байгаа газруудад зөрчил байхгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэж, цахимаар яллаж болохгүй” гэв. 

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу