Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус, үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байлаа.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10500 тамирчин Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болно. Монгол Улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Ирэх наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцох юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу