Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.04.05)

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш зургаан сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийсэн юу хийсэн талаар дүгнэе. Тухайн үед манай улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч унасан. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.долларын нөөцтэй болж, нэмэгдээд байна.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд,

  1. Нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах хүртэлх экспортын бүх үйл явцыг цахимжуулсан. Нийт 863 гэрээ бүртгэгдэж, үүний дагуу Монгол Улс нүүрс экспортолж байна.

2. Энэ оны эхний гурван сарын хугацаанд нийт 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь экспорт өнгөрсөн оны мөн үеэс 10 сая тонноор нэмэгдсэн гэсэн үг. Цар тахлын өмнөх, хамгийн их нүүрс экспортолж байсан 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн байна. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр болон нүүрстэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын ажиллагааны үр дүн юм.

3. Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Ингэснээр өрсөлдөөн бий болгож байна. Мөн хил нөхцөлөөр борлуулж байна. Хуулийн дагуу долдугаар сарын 1-нээс эхлэн уул уурхайн бүх бүтээгдэхүүнийг  биржээр зарах учиртай. Үүний наана нь туршилт маягаар хийгдэж буй биржийн арилжаа амжилттай байна. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи ресурс гэсэн гурван компани өнөөдрийг хүртэл нийт 800 мянган тонн нүүрсийг биржээр зарсан. Үнийн хувьд нэг тонн нь 100 орчим ам.доллар байсан бол одоо 180 орчим ам.доллараар зарагдаж байна. Нэг тонн нь 9,5 дам.доллараар зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам.доллараар зарагдаж байх жишээний ихээхэн эерэг үзүүлэлтүүд гарч ирж байгаа.

Үүнээс гадна үнэ өсгөхийн тулд хоёр захирал сууж байгаад гэрээ зурдаггүй, өрсөлдөөн бий болгох нь чухал гэдгийг Монгол Улсад ямар хэрэгтэйг энэ бүхэн харуулж байна.

Төрийн өмчит уул уурхайн салбарт ажиллаж байгаа ААН-үүдэд валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг өгсөн, энэ нь 100 хувь биелсэн.

Зургаан сарын дараа эргээд харахад, биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргах гарцыг хэвшүүлэхэд цаашид анхаарна. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, урьд нь бүртгэлгүй, төлж буй татвар нь тодорхой бус явж ирсэн тээврийн салбарыг бүрэн цахимжуулах ажлыг хийнэ.

Мөн нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, жонш гэх мэт бусад бүтээгдэхүүнийг цаашид биржээр арилжаалах ажлыг үе шаттай хийнэ.

Эхний гурван сарын байдлаар инфляцын түвшин 10.6 хувь болж буурлаа. 2022 оны зургадугаар сард 13.2 хувь байсан инфляц аажмаар ч гэсэн бууж байгаа нь бодлогын арга хэмжээ зөв байгааг харуулж байна” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, сайд хариуллаа.

-Гадаад валютын нөөц ингэж нэмэгдсэн нь хангалттай хэмжээ мөн үү?

-2.5 тэрбум ам.доллар байсан үеийг бодвол мэдээж сайн дүн. Ер нь валютын нөөц гурван сарынхаа импортыг хангахаар байвал сайн гэж үздэг. Монгол Улсын импортыг аваад үзэхэд 4-5 сарын импортыг хангах хэмжээний нөөцтэй байгаа учир боломжийн гэж үзэж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай.

Миний бие Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. БНХАУ-ын эдийн засаг 2023 онд хамгийн багадаа 5 хувиар өснө гэж байна. Энэ манай улсын эдийн засгийг 7 хувиар нэмэгдүүлэх боломж гэж харж байна. Иймд бид энэ 2023 ондоо маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.

-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт хэр байгаа вэ?

-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргасан.

Тухайлбал, зөвхөн самнасан ноолуур гаргадаг байсныг болиулсан. Х.Баттулга ХХААХҮ-ийн сайд байхдаа арьс, шир экспортлохыг хориглочихсон байсан. Үүнийг буцаагаад, хүчингүй болгосон. Ингэснээр арьс, ширийн экспорт нэмэгдсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд арьс, ширийн экспортыг хориглосон шийдвэр аливаа зүйлийг хааж, боосноор хөгждөггүй гэдгийг бидэнд ойлгууллаа.

Амьдралаас тасарсан, бусад оронд хэрэгждэггүй популист маягийн шийдвэр гаргах нь эргээд улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг. Хорьж, хааж хөгждөггүй гэдгийг л дахин хэлмээр байна.

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу