Парисын прокурорын газар Ням гарагт “Францын цагдаа нар ‘Парисын Олимпын наадамд оролцох Израилийн гурван тамирчныг амь насыг нь хөнөөнө’ гэж заналхийлсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн талаар мэдэгдэв.

Прокурорууд “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд Баасан гарагт тамирчдын хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан асуудлыг шалгаж, устгахыг оролдож байна” гэж мэдэгджээ.

Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Израилийн Үндэсний Кибер Удирдлагын газар мөрдөн байцаалтын явцад ‘Ираны хакерууд Израилийн төлөөлөгчдийн гишүүдийн хувийн мэдээллийг нийтэлж, тэдэнд заналхийлсэн мессэж илгээхийн тулд олон нийтийн мэдээллийн сувгууд үүсгэж байна’ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж мэдэгдсэн байна.

Мөн өдөр Израилийн Гадаад хэргийн сайд Францын Гадаад хэргийн сайдад “Парисын Олимпийн наадмын үеэр Израилийн тамирчид болон жуулчдыг онилж буй нь Ираны дэмжлэгтэй байж болзошгүй” гэж анхааруулжээ.

НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газар Пүрэв гарагт мэдэгдэл хийж, дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Албаны хүмүүс “Олимпын наадамд оролцож буй Израилийн тамирчдыг 24 цагийн турш хамгаалалтад авч, нутаг буцааж байна” гэж мэдэгджээ. Израилийн дотоод аюулгүй байдлын “Шин Бет”  алба тамирчдын аюулгүй байдлыг хангахад тусалж байгаа аж.

Израилийн дипломат эх сурвалж “Францын эрх баригчдын авч буй арга хэмжээг бүхэлд нь дэмжиж байна” гэж хэлжээ. Тэрбээр “Энэ нь тамирчдыг заналхийлэхийг оролдсон хувь хүмүүс болон байгууллагуудад чухал мессэж болж байна” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу