Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.07.29) товлогдсон “Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу наймдугаар сарын 12-ны 10:00 цаг хүртэл хойшлов.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиуны мэдээлснээр, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт,
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн зүгээс биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт тус тус ирүүлсэн бол шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын зүгээс мөн биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.
Шүүхээс хүлээн авч шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Эл хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдсон.

Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:

    • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах),
    • 17.3 дугаар зүйлийн 2.2 (Залилах),
    • 22.12 дугаар зүйлийн 1 (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон, мөн автобусуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг хуулийн байгууллага тогтоосон.

Хууль бус дээрх үйлдлээс болж нийт 134.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу