Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Николас Мадуро ялалт байгууллаа гэж сонгуулийн зөвлөлөөс мэдээлэв.

Мадурогийн ойрын холбоотон, Үндэсний сонгуулийн зөвлөл (CNE)-ийн тэргүүн Элвис Аморосогийн хэлснээр, нийт сонгогчийн 80 хувийн саналыг тоолсноор Ерөнхийлөгч Мадуро 51.20 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч 44.02 хувийн санал авчээ.

Венесуэлийн сөрөг хүчнийхэн “Санал тоолох явцад их хэмжээний луйвар орсон” хэмээн мэдэгдэж, сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. 11 жил засгийн эрх барьсан Мадурог огцруулахын тулд нэр дэвшигч Эдмундо Гонзалесийн төлөө нэгджээ.

Мадуро Каракас дахь дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ, өөрийг нь дахин сонгосон нь “энх тайван, тогтвортой байдлын ялалт” гэжээ. Тэрбээр Венесуэлийн сонгуулийн тогтолцоог сайшаан магтаж, ил тод үйл ажиллагаа гэж тодорхойлоод, “Сөрөг хүчнийхэн сонгууль бүр дээр ‘Луйвар хийлээ’ гэдэг” хэмээн шоолсон байна.

Getty A group of people hold hands in protest to be let in to count the votes during the presidential election on July 28, 2024 in Caracas, Venezuela.

Сонгуулийн дүнг зарласны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга санал хураалтын дүнд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Антони Блинкен “Сонгуулийн зарласан үр дүн Венесуэлийн ард түмний хүсэл зориг, саналыг тусгаагүйд АНУ үнэхээр их санаа зовж байна” гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Мадурогийн засгийн газрын ойрын холбоотон Куба улс “Ард түмэн сонголтоо хийж, хувьсгал яллаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу