“Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Парисыг өнөөдөр өглөө (2024.07.29) зорив.

Монгол Улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин Парисын дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан. Чөлөөтийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Чэмпионс Чэмп” цогцолборт бэлтгэлээ базаажээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд өчигдөр тамирчдаа хүлээн авч уулзаж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардуулан өгсөн байна.

May be an image of 10 people and text

May be an image of 14 people, people performing martial arts and text

May be an image of text

Уг үйл ажиллагаанд холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар оролцож, баг тамирчдадаа амжилт хүсчээ. Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэнд бүтээгдэхүүнээ гардуулж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэсэн байна.


“ОЛИМПЫН ЦУГЛАРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛААД, БОЛОЛЦООНЫХОО ХЭРЭЭР БЭЛТГЭЛЭЭ ХАНГААД ХӨДӨЛЖ БАЙНА”

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.МЯНГАНБАЯР:

-Манай баг тамирчид зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 27-ны өдрийг хүртэл олимпын цугларалтыг амжилттай зохион байгуулаад, бололцооныхоо хэрээр бэлтгэлээ хангаад хөдөлж байна.

Нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Парисын олимпыг зорьж буйгаас 9 нь эрхээ авсан үндсэн тамирчин, 11 нь дасгалжуулагч, 5 нь бэлтгэл хангагч бөгөөд эмч, туслах багийн гишүүд, сэтгэл зүйч, албаны хүмүүс багтсан.

“ЕСӨН ТАМИРЧНЫ АРД ТАВАН БЭЛТГЭЛ ХАНГАГЧ НЭМЭГДЭЖ ЯВЖ БАЙНА”

Монголын чөлөөт бөхийн холбооны менежер Б.ЭНХБАЯР:

-Энэ удаагийн олимпод манай есөн тамирчны ард таван бэлтгэл хангагч нэмэгдэж явж байна. Албаны хүмүүс олон зарим дасгалжуулагч нар баг тамирчдаа дэмжихээр хувийн зардлаараа оролцож байна. Ямар ч хамааралгүй хүмүүс яваагүй. Тамирчдынхаа төлөө гэсэн хүмүүс тухайлбал, манай массажист, эмч гэх мэт бүрэлдэхүүнтэй явж байна.

Олимпын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд болно. Чөлөөтийнхөн энэ удаагийн наадмаас 2-3 медаль авах зорилго тавьжээ. Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүд хамгийн сүүлд 1980 онд, эмэгтэйчүүд 2021 оны Олимпоос медаль хүртсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу