“Парис-2024” зуны олимпын наадмын гурав дахь өдөр манай хоёр тамирчин дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 57 кгд Дэлхийн хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Б. Эрдэнэбаяр нар хүч үзэх юм.
Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний учраандаа Швейцарийн тамирчин Нилс Штамптай барилдахаар болжээ.
Нилс Штамп нь 27 настай, Дэлхийн аваргын алтан медальт, Гранд сламын гурван удаагийн аварга юм. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жингийн барилдаанууд 16:00 цагт эхлэх бөгөөд 10 барилдааны дараа манай тамирчин татамид гарна.
Харин жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний учраандаа Косовогийн тамирчин Нора Гяховатай барилдана. Нора Гяхова нь 31 настай, “Токио 2024” зуны Олимпын наадмын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гранд сламын 3 удаагийн аварга юм.
Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн барилдаанууд 16:00 цагт эхлэх бөгөөд долоон барилдааны дараа манай тамирчин хүчээ үзэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу