Каракасын төвд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр сөрөг хүчнийг дэмжигчид цагдаа нар руу “Молотовын коктейль” шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр хариу барьсан гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлэв.

Урданетагийн төв өргөн чөлөөнд өмнө нь хэд хэдэн удаа буун дуу сонсогджээ. Хотын төвд байрлах Үндэсний их хурал, Сонгуулийн хорооны байрны хамгаалалтыг чангатгасан байна.

Даваа гаргийн орой Венесуэлийн хотуудад эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Каракаст мотоциклтой, хийн маск зүүсэн Үндэсний гвардын гишүүд ч цугларсан байна.

Венесуэлд өмнөх өдөр нь ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро ялалт байгуулсан. Үүний дараа Каракас хотод эсэргүүцлийн жагсаал эхэлж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ.

Венесуэлийн засгийн газар сонгуульд хэд хэдэн улс хөндлөнгөөс оролцож, ард түмний өөрийгөө тодорхойлох эрхэд халдаж байгааг зарласан байна.

Үүнээс гадна Венесуэл Латин Америкийн хэд хэдэн орноос дипломатуудаа эргүүлэн татжээ. Учир нь тус улсын Засгийн газраас “Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Латин Америкийн хэд хэдэн орноос дипломат ажилтнуудаа эргүүлэн татаж байна” гэж мэдэгдсэн байна.

Мэдэгдэлдээ “Венесуэл улс Вашингтонд захирагддаг баруун жигүүрийн засгийн газрын хөндлөнгийн оролцоотой үйлдэл, мэдэгдлийг эрс буруушааж байна” гэж дурджээ.

Тус улсын Засгийн газар “Үндэсний тусгаар тогтнолын эсрэг чиглэсэн эдгээр үйл явдлын цаана Венесуэлийн Засгийн газар Аргентин, Чили, Перу, Коста Рика, Панам, Доминикан, Уругвай зэрэг улсаас дипломат ажилтнуудаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн” гэж тэмдэглэсэн байна.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль долдугаар сарын 28-нд болсон. Саналын хуудасны 80 хувийг тоолсон дүнгээр, одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро 51 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Мадуро 2013 оноос хойш Боливарын Бүгд Найрамдах Улсыг удирдаж буй. Тэрбээр гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож буй юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу