Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долдугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.

Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 928 хэрэг шалгагдаж буй юм байна. Тодруулбал:

-Гаалийн ерөнхий газрын харъяа Дорноговь аймаг дахь Гаалийн газрын Ханги боомтын салбарын удирдах албан тушаалтан М нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хахууль авсан гэх,

-Худалдан авах ажиллагааны тендерт зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа нийлүүлж, хохирол учруулсан гэх Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан М, П, У нарт холбогдох эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу