Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөх юм.

Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлжээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулжээ.

Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй.

Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэлсэн. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил үргэлжилж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр (2024.07.30) холбогдох албаныханд тус төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,206  нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхэлсэн.

Ингэснээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэжээ.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барих аж. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй.

Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах ажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу