Жүжигчин, дуучин бүсгүй Францын Ерөнхий сайд Габриэль Атталтай өнгөрсөн Ням гарагт болсон Олимпын усанд сэлэлтийн тэмцээний үеэр уулзахдаа дөрвөн жил үерхсэн найз залуу Майкл Поланскиг “Миний сүйт залуу” хэмээн танилцуулжээ.

Оскарын шагналтан 2024 оны Зуны Олимпын нээлтийн ёслолд оролцохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Парист очсон билээ. CNN агентлаг Леди Гагагийн төлөөлөгчтэй холбогдож, тайлбар авахаар болжээ.

Леди Гага болон технологийн бизнес эрхлэгч Полански нар дурлалт хос болохоо анх 2020 оны “Super Bowl”-ийн амралтын үеэр Инстаграм хуудсаараа дамжуулан олонд зарласан. Мөн дуучин бүсгүй нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан өөрсдийн хайр дурлалын талаарх зарим мэдээллээс хуваалцжээ.

Тэрбээр 2021 онд Инстаграм хуудсаараа төрсөн өдрөөр нь Поланскийн бэлэглэсэн гоёмсог цэцгийн баглааг харуулсан бөгөөд түүн дээр “Хайрт чинийхээ төрсөн өдрөөр Ром дахь бүх цэцэгсийг илгээж байна. Би чамд хайртай, хонгор минь. Би чамтай болон ноходтойгоо гэртээ байхыг тэсэн ядан хүлээж байна. Надад хэрэгтэй зүйл ердөө л энэ” гэж бичсэн байсан аж.

Леди Гага “Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагадаа Поланскийн тухай дурдаад, “Миний ноход, миний хайртай хүн бол миний бүх амьдрал” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу